Өндөр зэрэгтэй тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-16 11:39:12

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, Монголын хөнгөн атлетикийн холбооноос  хамтран “Биеийн тамир спортын хөгжил ” сэдэвт олон улсын сургалт семинар зохион байгууллаа.

Энэхүү семинарын зорилго нь биеийн тамир, спортын удирдах  ажилтан, багш дасгалжуулагч, ЕБС-ийн биеийн тамирын багш нарт орчин үеийн  биеийн тамир спортын хөгжлийн чиг хандлага, өндөр зэрэгтэй тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай бодит нөхцлүүдийг шийдвэрлэхэд арга зам, үйл ажиллагааны хэлбэрүүдийн талаар цогц мэдлэг, арга туршлагыг олгоход оршиж байв. Энэ семинарыг ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны Олимпийн наадамд бэлтгэх “Дүн шинжилгээ, шинэчлэл” төвийн дарга доктор профессор, ОХУ-ын биеийн тамирын гавъяат зүтгэлтэн В.П.Черкашин, БНХАУ-ын Бээжин хотын Спортын сургуулийн профессор, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Бээжин дэх хөгжлийн төвийн орлогч захирал Жанг Инг Бо болон манай улсын эрдэмтэн , багш нар удирдлаа.

Сургалт семинарын үеэр тавих илтгэл, лекцүүд нь гадаад орнуудын БТС-ын хөгжил, их спорт, нийтийн БТС-ын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, “RIO-2016” олимпийн наадмын бэлтгэл ажилтай холбоотой олон асуудлыг хамарсан нь онцлогтой байв. Бага хуралд гадаадын 6 орны зочин, судлаач, эрдэмтэд, дотоодын БТС-ын чиглэлийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан залуус оролцлоо. Нийтдээ 150 гаруй илтгэлийг эрдэмтэн-судлаачид, ЕБС-ийн биеийн тамирын багш-оюутнууд гэсэн хоёр хэсэгт хуваан хэлэлцүүлж шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан юм.

А секторд тэргүүн байрыг “Аварга” ДС-ийн багш, доктор, дэд проф Б.Адъяахүү “Биеийн тамирын сургуулиудын үндэсний бөхөөр суралцагчдын амжилтыг цогц арга зүйгээр ахиулах боломж” илтгэлээр шалгарсан бол БЗД-ийн БТСХ-ны мэргэжилтэн Г.Ууганжаргал "ЕБС-иудын багшийн цагийн менежментэд хийсэн дүн шинжилгээ", БТСХТ-ийн мэргэжилтэн Ш.Долгор багш "Үндэсний шигшээ багийн тамирчдын анхаарлын суурь судалгаа" сэдэвт илтгэлээр хоёр, гуравдугаар байр эзэллээ.

Харин В секторд тэргүүн байрыг 63-р сургуулийн багш Б.Ганболд "Тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн эрүүл мэнд, биеийн тамирын хичээлийн тулгамдаж байгаа асуудал", хоёрдугаар байрт ҮБТДС-ийн оюутан Д.Намжил "Биеийн тамир спортын тулгамдаж буй асуудлыг судалсан нь", гуравдугаар байрт "Аварга" ДС-ийн оюутан С.Мөнхзаяа "Донор" сэдэвт бүтээлээрээ тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ