Монголын 34 дэх цолтой сумоч болсон Б.Лхагвасүрэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-14 16:54:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын башёд Монголын шинэ Сэкиторигоор Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн тодорч, ирэх гуравдугаар сарын тэмцээнээс Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болсон.


Энэ талаар "Никкан спортс" сонинд Ватанабэ Ёшикогийн нийтэлснийг спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн орчуулснаар толилуулж байна.


Мэргэжлийн сумо бөхийн 1995 оны нэгдүгээр сард дэвшсэн Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монголоос 34 цолтой  сумоч төрөн гарсан байна. Жилд нэгээс олон сэкитори гардаг гэсэн үг. Хамгийн хүнд сэкитори Ичиножёо, цүкиоши барилдаантай Тамаваши хоёроос бусад нь жижиг биетэй ч олон төрлийн мэх, хурдаараа хоорондоо төстэй. Кирибаяма ч адилхан. Анх мэргэжлийн сүмод ирж байхдаа 94 кг жинтэй байсан ч одоо 130 кг болтол жингээ нэмээд байгаа. Түүний багш Мичинокү ояката бол 124 кг жинтэй байхдаа озэки болж байсан хүн. "Бэлтгэл хийгээд жин нэмээд явах нь хамгийн зөв арга. Идэж хэвтээд жингээ нэмлээ гээд утгагүй. Хүн өөртөө таарсан жинтэй байх хэрэгтэй" гэж үздэг ояката бусад багш нар шиг шавиа хүчээр таргалуулах гэж оролдоогүй аж.


Кирибаяма "Хакүхо, Харүмафүжи, Какүрюү аваргууд шиг болохыг хүсдэг. Мавашины барьц авахад хэнд ч чадлаар ялагдахгүй Их аварга Чиёонофүжигийн барилдаан надад их таалагддаг" гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл эр зориг, хурдаар Харүмафүжи, барилдааны мэдрэмжээр Хакүхо, хөл, нурууны хөгжил, хүч чадлаар Чиёонофүжи шиг буюу энэ аваргуудыг нийлүүлсэн шиг тийм бөх болохыг хүсдэг байна.  "Кирибаяма их зөөлөн зантай" гэж Мичинокү багш шавиа магтлаа. Тохойны хүнд гэмтлээр барилдаж чадахгүй байх үедээ уйлж байсан ч удаатай гэнэ. Сумод анх орж байхад багш нь "Сэкитори болтлоо Монголд харихгүй гэж андгай тангараг тавих уу" гэхэд нь "За" гэж хэлчихээд дараа нь харамссан үе ч байдаг аж. Цол аваагүй тул нутагтаа харьдаггүй хүүтэйгээ уулзахаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын тэмцээний өмнө аав ээж, ах дүү нь Японд иржээ. Тэр 4 жил уулзаагүй дотны хүмүүстэйгээ уулзаад "Миний үсийг хараад бүгд л их гайхаж байлаа. Хамт хоол идээд сайхан байсан. Хамаг стресс тайлагдсан шүү. Тийм болохоор Кюүшюү башёгоос эхлээд л амжилттай сайхан барилдсан даа" гэж тэр ярьжээ.


Өөртөө шагнал болгох ганц зүйл нь багшдаа өгсөн амлалтаа биелүүлсэн явдал. Тэр энэ сарын 13-нд Монголдоо очоод 17-нд буцаж ирэх юм. Сэкитори болсноо утсаар мэдэгдэхэд уйлж суусан ээжтэйгээ тэр уулзана. "Японоос ямар бэлэг авч явах вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад "Би өөрөө бэлэг" гэсэн 22 настай энэ залуу -20 хэмийн хүйтэнд дулаан гэртээ гэр бүлийн халуун уур амьсгалд амраад дахин дээш дэвшихээр оргилд өөд тэмүүлэх бизээ.

Холбоотой мэдээ