“Opportunity” тандалтын төхөөрөмжийн үйл ажиллагаа зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-02-14 15:43:44

ВАШИНГТОН. /CNN/. Ангараг гарагийг судлах зорилгоор хөөргөсөн Opportunityтандалтын төхөөрөмжийн үйл ажиллагаа зогсож, түүний гүйцэтгэх үүрэг дууссан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ лхагва гарагт мэдээлэв.


Ангараг гараг дээр 15 жилийн өмнө газардсан уг төхөөрөмжтэй сүүлийн удаа буюу мягмар гарагийн орой холбогдохыг оролдсон боловч хариу өгөөгүй байна. Инженерүүд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг “Opportunity” төхөөрөмжтэй өнгөрсөн оны зургадугаар сараас хойш холбоо тогтоохыг оролджээ.


Тоос шороо нарны тусгалыг хаасны улмаас төхөөрөмжийн үйл ажиллагаа зогссон хэдий ч Ангараг гараг дээр 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хооронд салхи дэгдэж, төхөөрөмж эргэн ажиллаж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан юм.


"НАСА"-гаас “Opportunityтандалтын төхөөрөмж рүү нийт 835 удаа дохио илгээсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй тул дээрх мэдэгдлийг албан ёсоор хийсэн байна. Энэхүү төхөөрөмж нь дэлхий рүү нийт 217594 зургийг амжилттай илгээжээ.

Холбоотой мэдээ