О.Нямгэрэл: Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-15 09:53:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдааны анги нийтийн ангилалд Хөвсгөл аймгаас амжилттай оролцсон ангиуд шагналаа гардан авлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш О.Нямгэрэлтэй товч ярилцлаа.

- “Монголын сайхан бичигтэн-208” улсын уралдаанд шавь нараа амжилттай бэлтгэж, дэд аварга болсон шавь нарт нь болон танд баяр хүргэе.
- Баярлалаа.
-Энэ жилийн уралдааны онцлог юу  байв?
-Анх удаа “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд Анги нийтийн бичвэрийн төрөлд сурагчдаа бэлтгэн амжилттай оролцуулж дэд байрт шалгарлаа. Ер нь бол Монголын өнцөг булан бүрээс их өргөн цар хүрээтэй оролцдог төдийгүй гадаадын хүмүүс хүртэл оролцдог юм байна. Мөн яг энэ цагт би дараа жил юу хийх вэ? гэсэн бодол төрсөн.


 -Энэ уралдаанд оролцохдоо аль хэр хугацааг зарцуулж бэлтгэсэн бэ? Бас бэлтгэж байх явцад сурагчдад ямар нэг асуудал тулгарч байсан уу?
-За. Бараг 45 хоног зарцуулж бэлтгэлээ. Энэ хугацаанд багш, сурагч, эцэг эхчүүдийн  маань гурвалсан холбоо үнэхээр сайн  байсан. Мөн сурагчдаа сайхан бичиж ахиц гарч байгааг нь харж байхад бахархалтай, догдолмоор байсан шүү. Сүүлдээ бүр сурагчид маань бие биенийхээ алдаа, оноог шууд л мэдэрдэг болчихсон. Эргээд бодохоор их л дурсамж болон үлдсэн байна.

 - Монгол бичиг заахдаа таны хувьд юуг голлож анхаардаг вэ?
- Монгол бичгийн хичээлийг заахдаа: Монгол бичгийн үсгийг зурлагаар нь багцалж богино хугацаанд зааж, дармал, бичмэл тэгийг унших, эхийн санаагаа ойлгож ярих, сайхан бичих дадлага ажлыг сайтар хийх ёстой гэж боддог.
 -2025 онд Монгол бичгийг төрийн хэл, бичиг болгоно гэсэн. Энэ талаар таны  бодол ?
-Миний хувьд энэ бодлого шийдвэрийг их зөв алхам гэж бодож байгаа. Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс  энэ бодлого нь хүүхэд, багачууд, залууст  үндэсний бичгээ хичээнгүйлэн, сайн суралцах хөшүүрэг гэж боддог.
-Хөвсгөл аймгийн удирдлагууд монгол хэл, монгол бичгийн сургалтын чанар, бүх нийтийн хэрэглээг бий  болгоход ямар үйл ажиллагаа санаачлан явуулж байна ?
-“Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний нэг нь 5-р сарын эхэнд зохион байгуулагддаг хаврын Эх хэлний багийн олимпиад, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагддаг олимпиад уралдаан юм. Энэ арга хэмжээнүүдэд амжилттай оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн.
 - Баярлалаа таны ажилд амжилт хүсье
- Маш их баярлалаа. Хүн бүр эх хэлээ дээдлэн, хүүхэд бүр монгол бичгээ бахархан сураарай  гэж уриалъя.

 


Холбоотой мэдээ