Гахайн мялзангаас сэргийлэх зөвлөмж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-14 14:40:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдаж томуу, томуу төст болон мал амьтны гоц халдварт өвчний талаарх мэдээллийг сонсож цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан ард иргэд, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд зөвлөмж хүргүүлжээ.
Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Өвчилсөн гахай өндөр халуурах, амьсгалын тоо олшрох, хоол тэжээлийн дуршил буурах, арьсан дээр үжлийн голомтууд үүсэж ялангуяа чих орчмоор хөхрөх зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг илрэхгүйгээр үхэж ч болдог байа. Иймээс дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Үүнд:

-Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байнгын хараа хяналтад байлгаж бэлчээрт гаргахгүй байх, 

-Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;

-Иргэд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон бүс, нутаг дэвсгэрт зорчихгүй байх,

-Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)

-Тэжээвэр гахайг байнга хараа хяналтдаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;

-Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих / гараа тогтмол савантай усаар угааж /санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2 хувийн давсны болон сод, залгиурыг 0.7 хувийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах; 

-Өвчний голомтод бүртгэгдсэн өрхийн гишүүд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд гадагшаа зорчихдоо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх,
*Үхсэн гахайг ил задгай хаяснаас нохойгоор дамжин өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул зориулалтын цэгт булшлах 

-Гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтэл хийхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ