Цахим залилангийн хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-14 11:55:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд фэйсбүүк, цахим хэрэгслээр бусдад залилуулсан гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа талаар аймгийн прокурорын газраас анхаарууллаа. Тухайлбал өнгөрсөн онд ийм төрлийн хэрэг хоёр гарч байсан бол энэ он гарсаар дөрөв бүртгэгдээд байгаа ажээ.

Иргэд хэн нэгэн танихгүй хүнтэй фэйсбүүкээр танилцаж улмаар өөрийн тухай болон ойр дотны хүмүүсийн талаар мэдээллээ өгөх, зургаа явуулах зэргээр болгоомжгүй хандсанаас тухайн этгээд мэдээллийг ашиглан өөрийнх нь нэрээр ойр дотных нь хүмүүсээс мөнгө зээлэхийг хүсэх, энэ тохиолдолд иргэд учрыг сайтар нягтлахгүйгээр дансаар мөнгө шилжүүлэх явдал гарсаар байгаа аж. Мөн эд зүйл худалдаж авна гэж мөнгөө шилжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн зарын дагуу гадаад улс руу гүйлгээ хийх зэргээр хохирсон тохиолдол цөөнгүй гарсаар байгаа ажээ. Тодруулбал “Бусдад гар утсаа залилуулсан” гэх Сэлэнгэ аймгийн иргэн Б.Г нь бусадтай фэйсбүүк хаягаар танилцаж, хоёр удаа уулзаж байсан байна. Энэхүү харилцааныхаа явцад бий болсон итгэлийг нь эвдэж гар утсыг нь “утсаар яриад өгье” хэмээн хэлээд залилсан хэрэг гарчээ. Залилагч иргэн Б.Б нь хуурамч фейсбүүк хаягаар бусадтай танилцан өөрийгөө тээврийн хэрэгсэл худалдаалдаг, “Приус-10” маркын тээврийн хэрэгсэл зарж борлуулна гэж бусдад итгэл төрүүлэн автомашин тээвэрлэх ачилтын хөлсөнд хэрэглэнэ гэж 450.000 төгрөг шаардан дансаараа шилжүүлэн авч, бусдыг залилсан хэрэгт тус тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарч шүүгдэгч нарт хуульд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.

 

 

Холбоотой мэдээ