Их говийн зоригтнуудын баатарлаг үйлсийн 75 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-12 16:10:24

Дорноговь/МОНЦАМЭ/. "Их говийн зоригтны өлгий" гэж нутаг орноо алдаршуулсан Дорноговь аймгийн Өргөн сумын баатарлаг малчдын гавьяат үйлс бүтээсний түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Одоогоос 75 жилийн өмнө эх орны төв, өмнөд хэсгээр цасан шуурганд уруудсан 70 гаруй мянган адууг хахир өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд зориг зүрх гарган хил давуулалгүй тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын гавьяат үйлсийн талаар төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ренчин сурвалжлан “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх найруулал бичиж байсан юм.

Өргөн сумын ЗДТГ-аас түүхт ойн жилийн ажлын нээлтийг сумын Аргалийн уулын нутагт нэгдүгээр сарын 29-нд зохион байгууллаа.

Ой угтаж МҮОНТ-тэй хамтран “Адуучин” нэвтрүүлэг зохион байгуулсан бол ондоо багтааж Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг энэ жил ашиглалтад оруулах, сумын төвд спорт цогцолбор байгуулах, сум багийн хот тохижилтод анхаарах зэрэг цөөнгүй ажил хийхээр болжээ.

Холбоотой мэдээ