Олон улсын стандарт аргачлалыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-13 16:13:17

Төв /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2019 онд үндсэн 3 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаад байна.

Хүүхэд хөгжлийн чиглэлээр "Оролцоод хөгжье" хөтөлбөр, гэр бүлийн чиглэлээр "Гэрээр айлчлах" хөтөлбөр, залуучуудад зориулж "Манлайллын зорилт" хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

Залуучуудад зориулсан хөтөлбөр 2018 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулийн зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа бол "Гэрээр айлчлах" хөтөлбөр олон улсын стандарт аргачлалын шалгуураар өрхийг сонгож хэрэгжүүлэх юм байна.  Энэ хөтөлбөрт аймгийн хэмжээнд 1500 өрх хамрагдснаас 270 өрхийг сонгоод байгаа аж. Сонгогдсон өрхүүдэд бэлтгэгдсэн мэргэжлийн ажилтан, сайн дурын ажилтан нар айлчилж, тухайн гэр бүлд эдийн засгийн болоод эрүүл мэндийн ямар асуудал байгааг судлан, хүндээ хүрсэн үйлчилгээг үзүүлэх зорилготой хэмээн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг мэдээлэл өглөө. Тухайлбал тухайн сонгогдсон гэр бүлд мэргэжлийн боловсрол дутмагаас амжиргаандаа нэмэр болж чадахгүй байгаа шалтгаантай байвал МСҮТ-тэй хамтран мэргэжил олгож өрхийн орлогийг нэмэгдүүлэхэд тусална гэлээ.

Өнгөрсөн 2018 онд нийт гэр бүлийн 41, залуучуудын 40, эрсдэлт хүүхдийн 17,5 хувьд үйл ажиллагаагаа хүргэж ажиллажээ. Аймгийн хэмжээгээр 8039 хүүхэд эрсдэлт бүлэгт бүртгэлтэй байдаг аж.

Холбоотой мэдээ