Саппоро хотын Цасны баярыг хамгийн олон хүн үзэж сонирхжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-02-12 12:58:25

ТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Хоккайдо мужийн нийслэл Саппоро хотод өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Цасны баярыг 2.73 сая хүн үзэж сонирхсон нь урьд байгаагүй өндөр тоон үзүүлэлт болсон байна.


70 дахь удаагийн Цасны баярын үеэр Саппоро хотын гурван хэсэгт цас, мөсөөр хийсэн бүтээлүүдийг байрлуулжээ. Энэ жилийн баярыг зорин ирсэн хүмүүсийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 194 мянга орчимоор өсжээ.


Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гарагт үзэсгэлэнгүүдийг хүнд машин механизм ашиглан хураасан нь мөн л олон хүний анхаарлыг татсан байна.


Цасны баярыг зохион байгуулагчдын мэдээлснээр, өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбар сэргэхэд энэхүү арга хэмжээ нь ихээхэн хувь нэмэр оруулсан ажээ.


Мөн уг баярын үргэлжлэх хугацаа нь Цагаан сарын баяртай давхацсан тул Хятад болон Тайванийн олон жуулчин зорин ирж үзэхэд нөлөөлсөн байна. 

Холбоотой мэдээ