Монголын улс төр өнгөрсөн долоо хоногт

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-04 08:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын шинэ даргыг сонгосон, Засгийн газрын гурван гишүүнийг томилсон, УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийсэн зэргээр өнгөрсөн буй долоо хоногт Монголын улс төр үйл явдлаар дүүрэн байлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын шинэ даргыг сонголоо


УИХ-ын чуулганы энэ сарын 01-ны хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатарыг 95.2 хувийн саналаар УИХ-ын шинэ даргаар сонгов. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ нь ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай.  Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шийдэж, нийгмийн шударга бус байдлыг халж, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг нийгэм хүлээж байна. УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө ажиллах болно. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ. Энэхүү хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй УИХ-ын гишүүд ч илэрхийлж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн тогтолцоог тодорхой болгож, төрийн хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх, хууль биелүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэгдэнэ.  УИХ-ын гишүүний хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах, төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга ёсыг тогтоохтой холбоотой парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах юм” хэмээв.

Дашрамд дурдахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 29-ны нэгдсэн хуралдаанаар 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Chimgee Chimgee-н зураг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэн сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн өнгөрсөн оны 12 дугаар сараас нэр бүхий гишүүд чуулганы хуралдааныг “бойкот”-лон, хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан юм. Улмаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолд 39 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсныг чуулганаар баталсан юм. Ийнхүү М.Энхболд хугацаанаас өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн хоёр дахь УИХ-ын дарга боллоо. Үүний өмнө буюу 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж гишүүн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан юм.

Засгийн газрын гурван гишүүнийг томиллоо


УИХ-ын чуулганы энэ сарын 02-ны хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг нарыг томиллоо.

ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатар энэ сарын 01-нд УИХ-ын даргаар сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд чуулганд оролсон гишүүдийн 88.1 хувь дэмжиж, баталсан.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Инфляцийг бууруулж, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлд зохицуулалт хийх шаардлага үүсч байгаа. Тиймээс сар шинийн баяр өнгөрсний дараа инфляцийг бууруулахын төлөө Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөр бол дундаж давхрагыг дэмжихэд чиглэж байгаа. Тиймээс иргэдийн амжиргааг дээшлүүлэх, дундаж давхрагыг дэмжих чиглэлд анхаарч, шаардлагатай гэж үзвэл ЗГХЭГ-т алба, хэлтэс байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг хуулийн байгууллага ч мөн шалгаж байгаа. Хуулийн дагуу, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатарын эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан, тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд өргөн мэдүүлснийг УИХ баталсан юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлснийг чуулганаар 96.7 хувийн саналаар дэмжсэн юм.

БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг гишүүнийг томилохыг чуулганд оролцсон гишүүд 91.5 хувийн саналаар дэмжсэн. Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 01-ний хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлсэн юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав


Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн сарын 30-нд агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнд төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулла. Энэ нь 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Нийтийн сонсголын тухай хуулийг анх удаа хэрэглэсэн тохиолдол байв.

Ерөнхий хяналтын сонсголд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ, НЗДТГ-ын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2008-2019 онд улсын төсвөөс  170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулж, утаагүй зуух тараахаас эхлээд олон төсөл хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Тиймээс төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох, сахилга батыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах шилдэг арга, технологийг судлахад Ерөнхий хяналтын сонсголын зорилго чиглэсэн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Бид агаарын бохирдлыг бууруулах талаар танин мэдэхүйн мэдээлэл хангалттай солилцоо. Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд орон нутгийг хөгжүүлж, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах ёстой. Үүний тулд алслагдсан 98 сумаа шинэчилэх нь хэрэгтэй. Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголоос гарсан шийдвэрийг сар шинийн баярын дараа олон нийтэд танилцуулах юм.

Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатаас гарах 543 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн сарын 31-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд 8 удаа оролцож, 4 хууль тогтоолд хориг тавьжээ. Мөн 3 хуулийн төсөл өргөн барьж, зургаан албан тушаалд томилох талаар УИХ-тай зөвшилцсөн байна. Мөн нэг шүүгчийг шинээр томилж, өөрөө хүсэлт гаргасан, нас барсан зэрэг шалтгаанаар 11 шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зургаан удаа хуралдуулан УИХ, Засгийн газар болон төрийн байгууллагуудад 21 зөвлөмж, 13 тэмдэглэл хүргүүлсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дурдсан юм.

Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нийлүүлэх, гадаадад хууль бусаар гарсан хөрөнгийг эгүүлэн авах талаар АНУ-тай хамтран ажиллаж эхэллээ. Монгол Улсын иргэний харьяатаас гарах 543, иргэн болох 3 хүний хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд ОХУ, БНХАУ, АНУ болон Энэтхэг улсад айлчлахаар төлөвлөж байсан. Харин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин энэ онд тохиож байгаа Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцохоор Монгол Улсад ирнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдлаа.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөв

УИХ-ын 2018 оны оны намрын ээлжит чуулган ажлын 88 хоног үргэлжилж, энэ сарын 02-нд хаалтаа хийлээ.

Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталжээ.Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас 9 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан ч 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой асуудлуудаа шийдэж чадсан гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.


Мөн ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга дурдсан. Ээлжит бус чуулганаар нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хянан шалгах түр хороодыг байгуулах, Татварын багц хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ