Цагаан сарын шагайн харвааны тэмцээнд Яруу сумын Чандмань баг тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-04 00:50:54

Завхан/МОНЦАМЭ/.Урвуулагч хэмээх шороон гахай жилийн цагаан сарын харваа-2019 шагайн харвааны тэмцээнийг аймгийн Даян мэргэн харваачдын холбоо уламжлал ёсоор зохион байгууллаа. 

Энэ жилийн шагайн харваачдын тэмцээнд 12 баг оролцож тэргүүн байрыг Яруу сумын Б.Алтангэрэл ахлагчтай Чандмань баг эзэлж дэд байрыг Дөрвөлжин сумын аймгийн гоц мэргэн Б.Баттулга ахлагчтай Цэцэн сартуул баг, гутгаар байрыг Улиастай сумын аймгийн гоц мэргэн С.Баяндорж ахлагчтай Зэндмэнь баг тус тус эзэлжээ. Харин шагналт байрыг Эрдэнэхайрхан сумын аймгийн гоц мэргэн Л.Цэдэнбалжир ахлагчтай Уран няс баг эзэлжээ. Тэмцээний үеэр харваач нэг бүрийн цуваа харваанд 84 харваач оролцсоноос Улиастай сумын Төгс буянт Жавхлант хийдийн хамба лам, аймгийн гоц мэргэн С.Баяндорж тэргүүлжээ. Удаах байруудыг Дөрвөлжин сумын аймгийн гоц мэргэн Б.Баттулга, Эрдэнэхайрхан сумын аймгийн гоц мэргэн В.Базарваань, мөн сумын аймгийн хошой мэргэн С.Цогбаяр, Завханмандал сумын харваач Б.Пүрэвдаваа, Яруу сумын харваач Я.Батмягмар, Эрдэнэхайрхан сумын харваач Э.Маргад-Эрдэнэ нар тус тус эзэлжээ. Завхан аймагт шагайн харвааны Даян мэргэн харваачдын холбоо нь 2012 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш жилд хоёр удаа шагайн харвааны томоохон тэмцээн зохион байгуулж хэвшжээ. Мөн сумдын шагайн харваачдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж харааны цэц мэргэнээ уралдуулдаг уламжлалтай юм байна. Сонирхуулахад шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна.  Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий нутаг ажээ. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх болсон бололтой хэмээн судлаачид тайлбарладаг ажээ. 

Холбоотой мэдээ