Улиастай сум 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-04 00:48:43

Завхан/МОНЦАМЭ/.Завханы төв Улиастай сум 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө баталснаа олон нийтэд мэдээллээ.

Тус сум “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ, ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах, төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, үр дүнд суурилсан удирдлага, иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэх ажээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтоож төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлэх юм байна. Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иймд тус сум иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай гэж үзэж 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна. 

 

Холбоотой мэдээ