Хувиараа тээвэр эрхлэгчид суулт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн тээврийн газар, ЗЦГ-аас авто тээврийн оношилгооны стандартад нийцээгүй микро автобусыг ирэх сарын нэгнээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хувиараа тээвэр эрхлэгчид эсэргүүцэж өнөөдөр Чингисийн талбайд суулт хийлээ.
Суултад 100 гаруй микро автобусны жолооч оролцсон бөгөөд тэд энэ үеэр “Нийтийн тээвэрт явж буй машинуудын стандартыг хэрэгжүүлэхийг холбогдох албаныхан шаардаж байна. Ийм стандарт нэхэж байгаа бол бусад тээврийн хэрэгсэлд ч энэ стандартаа дагаж мөрдүүлэх ёстой. Одоогоор төр засаг ажлын байраар хангаж чадахгүй байгаа энэ үед бид улиралд нэг удаа оношилгоонд машинаа оруулаад, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байя гэсэн хүсэлтэй байгаа юм" гэлээ.
Хэрэв Нийслэлийн тээврийн газраас эдгээр иргэдийн шаардлагад нааштай хариу өгөхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын автобусыг үйлчилгээнд явуулахгүй байгаа бөгөөд оршин суугчид нь 3-4 км газар алхан захын унаандаа хүрч сууж байгаа аж.
Э.Бат-Уянга