Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 13:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна 

Энэ талаар өнөөдөр  болсон, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн ёслолыг зохион байгуулах хорооны хуралдаанд танилцуулсан юм. Ойгоор болох үйл явдлуудын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Шадар сайдын тушаалаар, Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг төлөвлөгөөгөө яаралтай гаргахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөө, саналыг нэгдсэн төлөвлөгөөтэй уяж дахин баталгаажуулна гээд ажлаа шуурхайлахыг Шадар сайд анхаарууллаа.

80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байна. Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил үрэлжилж байна.

Холбоотой мэдээ