Гар утасны аппликейшнээр хот хооронд зорчих тасалбар захиалах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-01 16:09:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лавай төвийн шинэ автотээврийн буудалд улс, хот хооронд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарыг цахимаар захиалах "Гэрэгэ" системийг өнөөдөр танилцуулав.

АТҮТ, “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран бүтээсэн тус систем гар утаснаас төдийгүй нийслэлийн худалдаа, үйлчилгээний 32 цэгт байрлуулсан "Гэрэгэ киоск" цахим машинаас тасалбар захиалан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 



АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх энэхүү ажил манай автотээврийн салбарт томоохон дэвшил авчирлаа. Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ тэлж, өргөжин бусад салбаруудтайгаа билет бичилтээ нэгтгэн зохион байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн тасалбар авахдаа нэгдсэн байдлаар захиалга хийх юм. Өөрөөр хэлбэл, Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг захиалгаар шийдэх боломж бүрдэнэ” хэмээв.


Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний 32 төвийн өөрт ойр байрлах цэгээс иргэд  "Гэрэгэ киоск" цахим машинаар үйлчлүүлэх боломжтой. Тус цахим машинаас тасалбараа ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгууль төлөх боломжийг бүрдүүлжээ.

Харин гар утсаар ашиглахдаа, Гэрэгэ аппликейшныг "Playstore", "Appstore"-оос гар утсандаа татаж авснаар "Автобус" цэс рүү орж явах чиглэлээ сонгон, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж тасалбараа баталгаажуулна. Тасалбар баталгаажсан даруй таны утсанд QR код ирнэ. Уг кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм байна.



Дашрамд дурдхад, Лавай төвд энэ сарын 20-ноос шинээр нээгдсэн АТҮТ-ийн харьяа авто тээврийн үйлчилгээний шинэ буудал  нь зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын MNS  6300:2011 стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

Тус буудлаар иргэд Төв, Дундговь, Өмнөговь чиглэлд зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлэх бөгөөд иргэд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж байгаа талаар албаныхан хэллээ. 


Холбоотой мэдээ