Архидан согтуурч зөрчил гаргасан 91 хүнийг саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-02-01 10:19:59

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын сүүлийн 14 хоногийн хугацаанд 91 хүн архидан согтуурч хэрэг зөрчил гарган аймгийн Цагдаагийн газарт саатуулагджээ.

Өнгөрсөн оны 10-р сараас энэ оны нэгдүгээр сарыг хүртэл “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аяныг Дорнод аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа юм. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус 32 байгууллагад аяны туг, дэвтэр аялуулсан байна. Гэсэн хэдий ч архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, элдэв хэрэгт холбогдох иргэдийн тоо төдийлөн буурахгүй байгаа юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүлжүүлэгдсэн 91 хүний 84 нь эрэгтэй, долоо нь эмэгтэй байжээ. Тэдний тал шахам хувь нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан, мөн 20-иод хувь нь ажлын долоо хоногийн эхний өдөр архидан согтуурсан гэж судалгаанд дурдсан байх аж. Саатуулагдсан иргэдийн 80 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн насны иргэд байна.  

Холбоотой мэдээ