Орон нутгийг хөгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг хязгаарлах нь агаарын бохирдлыг багасгахад эерэг нөлөөтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнд төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын
гишүүд БОАЖЯ, БХБЯ, ГХЯ, НЗДТГ-ын удирдлагууд болон холбогдох байгууллагын
төлөөлөгчид оролцож байна. Сонсголд оролцож буй албан тушаалтнуудын үгийг тоймлон
хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц
байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг
мэдээлж байсан. Одоо
танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоож, нэг бодолтой, нэг шийдэлтэй л
болмоор байна. Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваа гишүүнтэй ярьж байгаад арьс,
ноос боловсруулах үйлдвэрээ Дархан хотод байгуулахаар болсон. Иймэрхүү шийдлээ
л өнөөдөр ярих хэрэгтэй. Орон нутгаа хөгжүүлж байж л хотруу чиглэх нүүдлийг
зогсооно. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, дагуул хот байгуулах, нийслэлээс их
сургуулиуд, төрийн байгууллагуудыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрөөс маш олон төсөл хөтөлбөр, хууль баталж гаргасан
ч үр дүнгээ өгөөгүй. Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг шууд Улаанбаатарт
эхлүүлэхээс өмнө, эхлээд аймгуудад туршдаг байх хэрэгтэй. Утаагүй зуухыг Ховд
аймагт тараах, сайжруулсан түлшийг Баянхонгор аймагт анх хэрэглэх гэх мэтээр.
Ингээд хамгийн үр дүнтэй аргыг нь Улаанбаатарт нутагшуулах нь зөв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдөр зургаан дүүргийн 210 мянган өрх гэр
хороололд амьдарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд яагаад
хэрэгжихгүй байна вэ. Энэ ажил урагшлахыг гэр хорооллын иргэдийн 80 хувь нь хүлээж
байна. Сайжруулсан түлш хэрэглээд агаарын бохирдол 50 хувь буурна гэдэг нь
худлаа.
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Манай яамны зүгээс гэр хорооллын
цэвэр бохир усны шугамын эх үүсвэр, дэд бүтцийг бий болгох ажлыг өрнүүлж байна.
Дэд бүтцийн асуудлыг шийдээгүй барилга барих боломжгүй. Түүнчлэн түрээсийн
орон сууцны журмыг боловсронгуй болгох шаардлага бий. Иргэдийн зүгээс орон сууц
түрээслэж байгаад, улмаар өмчлөх сонирхолтой байдаг.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: НИТХ хурал шийдвэр
гаргаж, нийтдээ 25 байршлын 76 нэгж талбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн
төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол гэр хорооллын 40
хувийг орон сууцжуулах боломж байлаа. 2016 оны сонгуулийн дараа ажил хүлээн
авахад дахин төлөвлөлт зогссоны улмаас 700 гаруй өрх орон гэргүй болсон байсан.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдгээр хохирсон иргэдийнхээ эрхийг хамгаалахын
төлөө ажилласан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улаанбаатар хотод хамгийн ихдээ хэдэн хүн амьдрах
боломжтой вэ. Бүх өрхийг орон сууцанд оруулахад өнөөгийн эрчим хүчний болон дэд
бүтцийн шугам сүлжээ ачааллаа дийлэх үү. Шинжлэх ухааны үндэслэлтэй хот
төлөвлөлтийг хэрхэн хөгжүүлэх вэ. Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж,
орон нутагт ажлын байрыг бий болгосноор нийслэлийн хүн амын хэт төвлөрөл саарна.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга: Засгийн газраас Эрчим
хүчний дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. ДЦС-4- ийг 89 мВт, ДЦС-3-ыг 75 мВт,
Амгалангийн дулааны станцыг 50 мВт-аар өргөтгөх зайлшгүй шаардлага байгаа. Ингэснээр
нийслэлийн цахилгаан хангамж өнөөгийнхөөс 30 хувиар нэмэгдэх боломжтой.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: Анх Улаанбаатар хотыг 500
мянган иргэн амьдрахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотод жилд дунджаар 45 мянган иргэн шилжин ирдэг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 700 мянган иргэн ирсэн
гэсэн үг. 2040 он гэхэд нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрнэ гэж анх тооцоолж
байсан бол эдүгээ энэ төсөөллөө даваад байна. Тиймээс дагуул хотоо
хөгжүүлэхгүйгээр агаар, орчны бохирдлыг бууруулж чадахгүй.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Сүүлийн 10 жилд
амьсгалын замын өвчлөл 2.7 дахин ихэссэн. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл
мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийсэн. Хүүхдийн өвчлөлийн дунд амьсгалын замын өвчин нэгдүгээр байр
эзэлж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой.
Иргэн Г.Гэлэгжамц: Агаарын бохирдолд зарцуулж байгаа бүх мөнгөний гүйлгээг
ил тод болгох хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр ямар худалдан авалт хийж, хэнд хэдэн
төгрөг шилжүүлснийг иргэд хүссэн үедээ орж үзэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр
хяналт, хариуцлага дээшилнэ.