Гэрээгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-30 11:51:20

ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн парламент өнгөрсөн мягмар гарагт “Brexit”-тэй холбоотой хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлж, Европын Холбоотой /ЕХ/ ээлжит яриа хэлэлцээ хийх тодорхой хөтөлбөрийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд өгчээ.


ЕХ-той байгуулах хэлэлцээрийг одоо байгаа хэлбэрээр нь дэмжихгүй бөгөөд гэрээгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахыг эсэргүүцэж байгаагаа депутатууд мэдэгджээ. Түүнчлэн тэд Умард Ирландын талаархи нөхцөлүүдийг өөрчлөхийг хүсч байгаа хэдий ч “Brexit”-ийн нөхцөлүүдийг боловсруулах үүрэг хариуцлагыг гартаа авахад бэлэн биш байгаа аж.


ЕХ болон сайд нарынхаа танхимтай хэлэлцэн зөвшилцсөн "Brexit"-ийн гэрээг хоёр долоо хоногийн өмнө Их Британийн парламент батлаагүй билээ. Гишүүдийн олонх нь баримт бичигт сэтгэл дундуур байсан бөгөөд 202 нь дэмжиж, 432 нь эсэргүүцсэн юм. Уг гэрээг “хатуу нөхцөлтэйгөөр” "Brexit"-ийг хэрэгжүүлэхийг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид ч шүүмжилсэн.


Гэрээг парламентаар батлуулах асуудал бүтэлгүйтсэний дараа Засгийн газар  “Б төлөвлөгөөг” нэгдүгээр сарын 21-нд танилцуулах ёстой байсан юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 21-нд парламентад үг хэлэхдээ, “Brexit”-ийг шинэ нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх ямар ч “Б төлөвлөгөө”-г танилцуулаагүй бөгөөд гишүүд нэмэлт өөрчлөлтөө оруулах саналаа тусгасан хэлэлцээртэй холбоотой тусгай баримт бичгийг парламентад оруулахаа мэдэгдсэн юм.


Нэмэлт өөрчлөлтийн талаархи санал хураалт өнгөрсөн мягмар гарагийн орой болсон. Харин ЕХ-той байгуулах хэлэлцээрийн үндсэн бичвэрийн /текст/ асуудлаархи парламентын шинэ санал хураалт ирэх сарын 13-нд болох юм.


Их Британи ЕХ-ноос гарах тухай баримт бичигт оруулсан 7 нэмэлт өөрчлөлтөөс парламентын гишүүд 2-ыг нь дэмжжээ.


Эхний дэмжсэн нэмэлт өөрчлөлт нь гэрээгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах хувилбарыг Засгийн газар үгүйсгэхийг уриалсан нэмэлт өөрчлөлт байсан юм. Зөвлөмжийн шинжтэй энэхүү нэмэлт өөрчлөлтийг Консерватив намын гишүүн Кэролайн Спелман оруулжээ.


Депутатуудын дэмжсэн хоёр дахь нэмэлт өөрчлөлт нь ЕХ-той яриа хэлэлцээ хийх үеэрээ Умард Ирландын талаархи хэлэлцээг өөрчлөхийг тусгасан байна. Консерватив намын удирдах хорооны дарга Грэм Брэйдигийн санал болгож, Т.Мэйн дэмжсэн энэхүү нэмэлт өөрчлөлт нь Ирландын талаархи хэлэлцээнд өөрчлөлт оруулвал ЕХ-той байгуулах гэрээг парламент дэмжихийг тусгажээ.


ЕХ-той яриа хэлэлцээ хийхэд саад тотгор болж буй гол зүйл хийгээд Т.Мэйн ЕХ-той хэлэлцэн зөвшилцсөн “Brexit”-ийн гэрээг Их Британийн парламент дэмжихээс татгалзаж буйн гол шалтгаан нь Ирландын хилийн талаархи асуудал юм. 

Холбоотой мэдээ