"Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид" цомог гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ард түмний дунд хоногшсон олон сайхан дууны аялгууг бичсэн хөгжмийн зохиолч Хөвсгөл нутгаас олон төржээ. Тэдний бүтээлийг эмхэтгэн “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид” цомгийг гаргасан байна. Энэ нь нутаг нэгтэй хөгжмийн зохиолчдын анхны цомог гэдгээрээ онцлог юм.
Цомгийн хөгжмийг Улсын Филармонийн Морин хуурын чуулгын удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан шинэчлэн найруулсан байна.
20 дугаар зууны эхэн үеэс өнөөг хүртэл 17 хөгжмийн зохиолч хоймор нутгаас төрсөн бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард нутгийнхаа хөгжмийн зохиолчдод хүндэтгэл илэрхийлэх тоглолтыг “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчдыг дэмжих сан”-гаас зохион байгуулжээ. Энэ нь орон нутгаас хөгжмийн зохиолчдын нэгдсэн тоглолт хийсэн анхны санаачилга байв. "Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид" цомогт Эрдэнэбулган сумын уугуул Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Монгол Улсын ардын жүжигчин Пүрэвжавын Хаянхярваагийн “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”, тус аймгийн Их-Уул сумын уугуул хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач МУУГЗ Товуугийн Насанбуянгийн “Орь залуу нас”, Мөрөн сумын уугуул, хөгжмийн зохиолч, удирдаач, “Морин хуур” наадмын Тэргүүн шагналт, МУСТА Жигжидийн Жаргалсайхан агсны “Гэнэн сэтгэл” киноны дуу, Ханх сумын уугуул хөгжмийн зохиолч, судлаач, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУУГЗ Тогтохын Сэр-Одын “Зөвхөн чамдаа”, мөн сумын уугуул Цэргийн хөгжмийн зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ Рэнцэндоржийн Ганбат агсны “Насны ганц хань”, Чандмань-Өндөр сумын уугуул хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУСТА Цэндээгийн Эрдэнэбатын “Бодлын бороо- Сэтэрт тал”, Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч МУСТА Очирбатын Эрдэнэбатын “Нүдэн гоо” зэрэг бүтээлүүд багтсан байна.