Галбын говиос "Алтан ботгоны эзэн" шагналтан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-30 14:29:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумаас "Алтан ботго"-ны эзэн тодорлоо.

Тус сумын Баян багийн малчин Дорждэрэмийн Бөхчулууных 110 ингэнээс 110 ботго бойжуулсан амжилтаар ХХААХҮЯ, МҮОНРадио хамтран шалгаруулдаг "Алтан төлийн эзэн" уралдааны "Алтан ботгоны эзэн" шагнал хүртжээ.

Түүний аав ээж нь түүнийг бага байхад өөд болж, нутгийн тэмээчин н.Хоньхүү гэдэг хүн өнчин үлдсэн хүүхдүүдийг авч өсгөн хүний зэрэгт хүргэж мал маллах арга ухаанд сургажээ. Тэрээр Хоньхүү Дорждэрэмийнхтэй хамаатан садан биш гэнэ. Д.Бөхчулуун өсгөсөн ааваасаа тэмээ маллах арга ухааныг өвлөн авч галбын говьдоо тэмээн сүргээ өсгөн үржүүлж явна. Д.Бөхчулууных 600 орчим тэмээтэй. Түүний гэргий Ч.Дэлгэрмаагийн аав Чулуунхүү нь 1964 онд БНМАУ-ын аварга малчин болж байсан түүхтэй юм.


Монгол орон дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй, харин Монголдоо хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг юм. Тус аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 152 мянга гаруй тэмээ тоолуулжээ. Харин Ханбогд 30431 толгой тэмээ тоолуулсан нь аймагтаа төдийгүй улсын хэмжээнд хамгийн олон тэмээтэй сум болж байгаа юм.

Холбоотой мэдээ