Аймаг, орон нутгийг зорих зорчигч олшров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сар
шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор нийслэлээс хөдөө орон нутгийг
зорих хот хоорондын зорчигч тээврийн ачаалал нэмэгджээ.
Үүнтэй холбоотой орон нутгийн замд тавих хяналт шалгалтыг өндөржүүлээд байна. Ойрын өдрүүдэд дулаан байснаа эргээд хүйтэрч байгаа учир холын замд техникийн бүрэн байдлыг хангаж, дулаан хувцаслаж, сайтар бэлтгэж гарахыг сануулж байна. Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтэн Н.Түмэнбаяр, “Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун зүгийн аймгуудаар ширүүн салхитай, цасан болон шороон шуургатай байгаа учир тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй байна. Увс аймагт хүйтний эрч чангарч байна. Тэндээс нааш нийтийн тээврийн хэрэгсэл гараагүй байна. Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн чиглэлд таван тээврийн хэрэгсэл буюу нийтийн зорчигч тээврийн автобусууд гарсан. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 40 гаруй нийтийн тээврийн автобус явж байна. Улаанбаатар хотоос урсгал нэмэгдэж, аймгуудаас ирэх зорчигчид цөөн байна. Увс аймгаас таван автобус гарахад гурав нь хоосон явж байна.
Авто тээврийн Үндэсний төвөөс 500 км-ээс хол явж байгаа нийтийн тээвэрт ээлжийн
жолоочтой байхыг шаардаж байгаа. Нэмж явж байгаа автобусуудыг хянаж
шалгаж байна. (Энэ дашрамд
дурдахад Дорноговь аймгийн Замын-Үүдэд осолдсон автобус нэмэлтээр явж байжээ). Энд манай тээврийн зохицуулагч, байцаагч нар давхар
шалган ажиллаж байна. Төв аймгийн Лүн, Ховд аймгийн Манхан суманд хяналт
шалгалтын пост ажиллаж байна” гэв.