Мэргэжлийн боловсрол, сургалтын “Build4Skills” хөтөлбөрт зөвхөн Монгол, Пакистаныг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-01-28 13:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын ЭСЯ, АХБ ХНХЯ хамтран хэрэгжүүлэх "Мэргэжлийн боловсрол, сургалтын ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо.

Дээрх төсөл нь хөгжиж буй улс орнуудын боловсон хүчний хөгжлийг дэмжих зорилготой Герман улсын “Build4Skills” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм. Энэ талаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаагаас тодруулбал, “Build4Skills” хөтөлбөр нь манай улсын МСҮТ-үүдийн сургалтанд, ялангуяа суралцагчдыг ажлын байран дээр дадлагажуулан сургахад илүү анхаарч, энд хувийн хэвшлийнхнийг буюу ААН, компаниудыг түлхүү оролцуулахад дэмжих юм.



Нэг ёсондоо

Монгол Улс дахь мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар хөгжүүлнэ.


Build4Skills” хөтөлбөрөөс энэ тал дээр хөгжиж буй улсуудаас зөвхөн Монгол, Пакистан гэсэн хоёр орныг сонгосон юм. Өнөөдөр эхэлж буй төсөл нь 800 мянган еврогийн техникийн хөрөнгө оруулалттай, хоёр жил хэрэгжинэ. Үр дүнг харж байгаад цааш сунгах юм” гэдгийг хэлж байв.

Тэрбээр, техникийн туслалцаа нь дэвшилтэт цахим арга, хэрэгслийг ашиглан хөдөлмөрийн зах зээлийн талаар дүн шинжилж, сургалтын эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлтийн талаар нэгдсэн мэдээллийн баазтай болох юм гэдгийг тодотгож байв. Герман улсын “Build4Skills” хөтөлбөрийн төсөл нь манай улсад эхний ээлжинд барилгын салбарт буюу энэ чиглэлийн МСҮТ-үүдэд хэрэгжих талаар Build4Skills” хөтөлбөрийн дарга, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгч, хатагтай Имке Коттманн онцолж байв. Өнөөдөр манай улсад барилгын үйлдвэрлэлд засал чимэглэл, цахилгаанчин, сантехникчийн мэргэжил хамгийн их эрэлттэй байгааг ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа хэлж байсан юм.

Энэ дашрамд дурдахад, манай орны төлөөлөгч залуус тэргүүлж байсан Олон улсын мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ жил ОХУ-ын Казань хотноо наймдугаар сарын 22-нд болох бөгөөд энд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөлт, цахилгаан, мужаан, сантехник, токарь, үсчин, тогооч гэсэн найман мэргэжлээр оролцох аж.


Тодруулга: Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга асан Ханс-Йоахим Фухтел, АХБ-ын Ерөнхийлөгч Такехико Накао нар 2016 онд Франкфурт хотноо болсон АХБ-ын 49 дэх удаагийн уулзалтаар үзэглэсэн хамтарсан мэдэгдлийн хүрээнд олон улсын мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих “Build4Skills” хөтөлбөр эхэлжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ