Шударга ёсны тэмцлийн хязгаар

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-01-30 18:59:01

Шударга ёсны төлөө УИХ-ын нэр бүхий  гишүүд (Л. Болд, Ж. Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар) тэмцэл өрнүүлсэн билээ. Тэдний тэмцэл УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталж үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр үр дүн нь гарсан гэнэ. Нэг үгээр хэлбэл, тэмцэл хязгаартаа тулсан гэж хэлж болох бололтой. УИХ-ын дараагийн даргын төлөөх шинэ тэмцлийн цучил чуулганы танхимд улалзаж эхэлснээр тэдний шударга ёсны тэмцэл, албан тушаалын төлөөх өрсөлдөөнөөр солигдов гэж үзэж болох нь.


УИХ-ын даргаас хуулийн дагуу  чөлөөлөгдсөн, гишүүн М.Энхболд чуулганы индэр дээрээс “Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч  байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь, жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна” гэж хэллээ. Энэ нь болж өнгөрсөн үйл явдлын хүрээ, хязгаар улстөрчдийн хоорондын харилцаа, улс төрчдийн гаргасан авир араншингийн тодорхойлолт, ерөнхий төрх, шинээр үүсэн гарч байгаа албан тушаалын төлөөх тэмцлийн хамрах хүрээг илэрхийлэх гэсэн түүний  байр суурь байлаа.

Парламентад шинээр үүссэн нөхцөл байдал цаашдаа олныг хамарсан, хавтгай үйл явдал болохгүй байх. Ийм боломж байхгүй. УИХ-ын шинэ даргыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тангараг өргөсөн бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын  75 гишүүн дундаасаа сонгоно. Тэнд 76 дахь өрсөлдөгч гэж байхгүй.


Яах вэ дээ. Хэвлэл мэдээллээр зарим нэг гишүүдийн нэр гарч ирж байна. Энэ бол шинэ зүйл биш. Дараачийн дарга хэн байх вэ гэдэг мөнхийн сэдэв болчихсон зүйл тэр хүрээнд мэдээлж, бичиж байгаа хэрэг. УИХ-ын даргыг чөлөөлөх хэлэлцүүлгийн үеэр шинэ дарга хэн байж болох талаар гишүүд нэр зааж яриагүй. Харин ямар байр суурьтай, ямар мөртэй хүн байж болох тухай янз бүрийн санаа дэвшүүлж байсан юм. Харин тэр шинээр тодрох эрхэм хэн байх вэ гэдгээс илүүтэй хэнд хэрхэн таалагдах ёстой вэ гэдэг талаар зарим улстөрчид байр сууриа илэрхийлж байх шиг байна. Хэвлэлээр мэдээлэгдээд байгаа нэрс “захиалагч”-тай байх магадлал өндөр байгаа юм.  УИХ-ын шинэ дарга тэгвэл хэнд таалагдах ёстой вэ?


Улстөрчдийн дунд шинээр сонгогдох УИХ-ын даргад “захиалагч” байгаа гэсэн хардалт байгаа бололтой. Эрхэм “захиалагч” өөрт таалагдахгүй  улстөрчийн нэрийг хэвлэлээр эртнээс  цацуулж гэрэл цохиулдаг муу зуршил улс төрд дэлгэрсэн гэнэ. Энэ өнцгөөс харвал, хэвлэлээр нэр нь  дурдагдаад байгаа УИХ-ын гишүүдээс дарга болох магадлал тун  бага байж таарна. Шинэ хүний “захиалагч” нь хэн байж болох вэ гэсэн асуулт эндээс урган гарч ирнэ.


Парламентын засаглалтай болсон 1992 оноос хойш эрх баригч намын дарга Ерөнхий сайд болсон нөхцөлд УИХ-ыг хяналтдаа байлгах гэсэн эрмэлзэл байнга ажиглагдсан гэж улс төр судлаачид хэлэх юм билээ. Гэтэл МАН-ын дарга Ерөнхий сайд У. Хүрэлсүх  УИХ-ын гишүүн биш. Тодруулж хэлбэл, асуудлыг шийдэх халуун гол тогооны  гадна байгаа гэж хэлж болно. Ийм нөхцөлд УИХ-ын шинэ дарга сонгогдох гэж байна. Эрх баригч намын даргад чуулганы танхимд үг хэлэх боломж бий. Харамсалтай нь, түүнд саналын эрх байхгүй. Гэвч танхимынх нь 15 сайд УИХ-ын гишүүн билээ.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар хэмжээний зангарагтай улстөрч вэ гэдэг нь  УИХ-ын шинэ даргаар хэн сонгогдсоноор тодорхойлогдно. Энэ бол одоо цаг хугацааны асуудал болоод байна.  

Холбоотой мэдээ