Төсөл хэрэгжсэнээр Дуут сумын ундны усны чанар сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-28 13:07:15

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дуут суманд өнгөрсөн онд улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ундны усны эрүүл ахуйг сайжруулах төсөл” хэрэгжиж, сумын төвийн худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьсанаас гадна сумын төвийн дээд хэсэгт 47 м гүнтэй шинэ худаг гаргаж ашиглалтад оруулжээ. 

Ховд аймгийн Дуут сум Монгол орны хамгийн өндөрлөгт орших сум юм. Тус сумын иргэдийн ундны усны эрүүл ахуйн асуудал нэлээд хүндрэлтэй байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн онд дээрх төслийг хэрэгжүүлжээ.

Энэ ажлын үр дүнд сумын төвийн худгийн уснаас дээж авч, мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд эрүүл ахуйн шаардлага хангасан төдийгүй, цэвэршүүлсэн устай дүйцэх хэмжээний үзүүлэлттэй гэсэн дүгнэлт  гарсныг  сумын удирдлагууд онцоллоо.

Дуут сумын төвийн худаг мөн сумын ард иргэдийн ундны усны их үүсвэр болсон Ямаат, Цахир Хөх булаг, Хөндлөнгийн булаг гэсэн томоохон 4 булагийн усанд химийн хорт бодис болох “уран”-ы агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 36,7 хувь буюу 2,8 дахин их байгааг улсын геологийн төв лабораторийн хоёр удаагийн шинжилгээгээр баталсан байдаг. Химийн бодистой усыг ундандаа хэрэглэсээр байх уу? Эсвэл ундны усны шинэ их үүсвэртэй болох уу? гэдэг хоёр сонголт Дуут сумынханд тулгарч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байсан юм.

                                                                                                           Н.Лхагва


Холбоотой мэдээ