Завханы хүн амын 40 орчим хувийг 16 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-28 12:22:11

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүн амын 40 орчим хувийг 16 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнээс 0-4 насныхан хамгийн их хувьтай байна хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээллээ.

2018 онд хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа олон улс, улсын дундаж түвшинд ойролцоо болж 100 хөвгүүнд 94 охид ногдож байна. Нас, хүйсийн бүтцийн судалгаа нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өнөөгийн байдал, түүнээс гарч болох үр дагавар, ирээдүйн төлөвийг тодорхойлоод зогсохгүй цаашид баримтлах бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болдог байна. Жишээ нь: залуу насны бүтэцтэй буюу 15 хүртэлх насны хүн амын хувь өндөр байгаа улс орнуудын тухайд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад тусгах хэрэгтэй юм. Харин хүн ам нь хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог. Хүйсийн бүтцийн судалгааг явуулсны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандах боломж бүрддэг хэмээв. Тиймээс Завхан аймаг хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцөлийг илүү сайжруулах, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь чухал юм. Мөн хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгаа үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байна хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээлжээ.

 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурч байгаа

Завхан аймгийн тухайд 2018 онд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа хүний тоо 1285 болжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад  24 хувиар буюу 405 хүнээр буурсан байна.  

Аймгийн хэмжээнд 703 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.7 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 16 хувь нь 15-24 настай иргэд байна. Харин 30 гаруй хувь нь 25-34 насныхан,  20 орчим хувь нь 45-54 насныхан, найман хувь нь 60-аас дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 1.9 хувь нь боловсролгүй байгаа бол 50 гаруй хувь нь бүрэн дунд, 20 гаруй хувь нь дээд боловсролтой хүмүүс  байна. 2014  оноос бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан бол 2017 онд 1690 болж өссөн дүнтэй байгаа талаарх мэдээллийг мөн Статистикийн газраас өглөө. 

Холбоотой мэдээ