"Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй" кино нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ 2019 онд Халх голын дайны ялалтын 80 жилийн түүхэн ой болно. Энэ ойг угтсан уран бүтээлийн эхнийх нь олны хүртээл болоход бэлэн болсон байна. МУУГЗ, найруулагч Б.Нагнайдоржийн "Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй" баримтат уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.
Энэ киноны зохиолыг сэтгүүлч Л.Гүнсэн бичиж, "Хасу Мегаватт" ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш ивээн тэтгэсэн байна. Кинонд 60 жилийн тэртээ Халх голын анхны ширүүн тулалдаанд оролцсон Монголын ардын хувьсгалт цэргийн Морьт 6 дугаар дивизийн дарга Ч.Шаарийбуугийн баатарлаг тулалдааны тухай өгүүлэх юм.
Ч.Шаарийбуу 29-хөн настайдаа, эхнэр, хүүхэд ч үгүй цэл залуухан цэргийн дарга дивизээ манлайлан тулалдаж амь насаа алдсан эмгэнэлт түүхийг нэг хэсэг буруутган, эх орноосоо урвагчийн хэмжээнд үзэж, ял тулгаж байсныг ч энд өгүүлнэ. Тус морьт дивизийн орлогч, штабын дарга байсан П.Шагдарсүрэнг ар тал руу хэл хүргэхээр явуулаагүй бол амьд үлдэхгүй байжээ. "Ар талруу хэл хүргэхээр яваагүй бол би бас амь үрэгдэх байсан. Манай Ч.Шаарийбуу дарга баатар хүн шүү. Баатарлагаар амь үрэгдсэн" гэсэн Монгол Улсын баатар болсон П.Шагдарсүрэнгийн үгээр киног төгсгөсөн байна.
Киног ивээн тэтгэсэн Ж.Түмэн-Аюуш нь Ч.Шаарийбуугийн нэрэмжит бага сургуулийг төгссөн, багаасаа мэддэг байжээ. Мөн зохиолыг бичсэн сэтгүүлч Л.Гүнсэн, Ж.Түмэн-Аюуш ч баатарлаг цэргийн дарга Ч.Шаарийбуугийн төрсөн Хэнтий аймгийн Галшар сумын Буянт худаг гэдэг газар үе үеэ залган төрсөн шижим нь ч кино хийхэд нөлөөлсөн байна. 1939 оны 5 дугаар сарын 28-ны тулалдаанд амь үрэгдсэн эрэлхэг цэргийн дарга Ч.Шаарийбуугийн тухай үнэнийг гэрчилсэн түүхэн баримтат уран сайхны киног нээх үеэр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Халх голын 80 жилийн ойн комисст уг киног хүлээлгэн өгнө гэж найруулагч хэллээ.