НҮБ: 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-01-23 13:04:31

ВАШИНГТОН. /Reuters/. 2019 болон 2020 онд дэлхийн эдийн засаг 3 орчим хувийн тогтмол өсөлттэй байна гэж НҮБ таамаглажээ.


Дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэд хэдэн сорилт тулгарахыг НҮБ Дэлхийн эдийн засгийн 2019 оны төлөв байдлын тухай тайланд дурдаад, 2030 он гэхэд ядуурлаас бүрмөсөн ангижрах НҮБ-ын зорилтод хүрэхийн тулд яаралтай, тодорхой бодлого хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ.


Уг тайланд мэдээлснээр, 2018 онд 3.1 хувьд хүрсэн дэлхийн эдийн засгийн өсөлт 2019, 2020 онд мөн 3 орчим хувьтай байх ажээ.


“Өсөлт бол эмзэг үзүүлэлт, олон тодорхойгүй байдал болон эрсдлүүд оршсон хэвээр байна. Бид 2008-2009 оны санхүүгийн хямралын үр дагавраас өдийг хүртэл бүрэн ангижраагүй байна” гэж НҮБ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан "UNCTAD" дахь Даяарчлал, хөгжлийн стратегийн газрын дарга Ричард Козуль Райт хэлсэн байна.


“Африк тивийн орнууд ядуурлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хүргэх шаардлагатай байна” хэмээн уг тайланд тэмдэглэжээ.


Мөн дэлхийн эдийн засагт тулгамдах томоохон эрсдлүүдэд Герман, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, Италийн банкны систем, “Brexit”, худалдааны маргаан болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэргийг нэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ