Б.Насанбаяр Хүний эрхийн байгууллагад хандана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-03-14 13:42:06

Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал хийв.

Тэрбээр өөрийг нь мүүний шашинтай холбоотой төдийгүй төрийн албанд ялангуяа боловсролын салбарт бодлого боловсруулах ажилд огт нийцэхгүй хүн хэмээн фэйсбүүк хуудснаа пост, коммент бичиж намайг гүтгэсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газарт өгч шалгуулна хэмээн мэдэгдлээ.

Б.Насанбаяр Монголын боловсролын салбарт ямар нэг шашны нөлөө, урсгал, сөрөг бодлого огт нөлөөлөөгүй хэмээн онцлон хэлж байв. Тэрбээр, хэвлэлийн бага хурлын үеэр албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, ажлаас халагдах өргөдлөө өгнө, улмаар уг асуудлыг Төрийн албаны хуулийн дагуу шийдвэрлэх бизээ хэмээн мэдэгдэв.

Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд, сурах бичгүүдийг тусгай эрдэмтэн, судлаачдын баг боловсруулж хийсэн учраас энд ямар нэг зөрчилтэй асуудал байхгүй. Харин уг асуудлыг хөндсөн мэдээллүүд нь баримт, нотолгоогүй, зохион байгуулалтай хийсэн гүтгэлэг гэж үзэж байна.

Би бурханы шашин шүтдэг, үнэмшихгүй бол би сая өөрийн лам багштайгаа яриад ирлээ. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд 1937 онд хэлмэгдсэн хүний удам. Миний хувьд мүүний төдийгүй аливаа шашин шүтлэгийг судалж үзсэн хүн. Мөн олон улсын ТББ-д ажиллаж байсан. Ардчилсан нийгэмд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, миний амьд байх эрх зөрчигдөх болж, гэр бүл, бага насны гурван хүүхдийн минь хүртэл эрх зөрчигдөж байна. Энэ асуудлаар би Хүний эрхийн бүх байгууллагад хандах болно гэв.

Д.Өлзий  

Холбоотой мэдээ