36 удаа орон байрны хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-01-22 14:26:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 2018 оны тавдугаар сараас иргэдийн орон байранд нийт 36 удаагийн үйлдлээр нэвтэрч, эд зүйл хулгайлсан бүлэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна. 

Эрүүгийн хуульд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Мөн Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол 6 сар-1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6сар-1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. 
Аймгийн Цагдаагийн газраас нийт иргэдийг хулгайлагдсан байж болзошгүй эд зүйлийг сэжиг бүхий этгээдээс худалдаж авахгүй байх, хулгайн эд зүйл байж болзошгүй сэжигтэй эд зүйл байвал тухай бүр нь Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд мэдэгдэхийг санууллаа.