Гамшгаас хамгаалах сургууль Дорнодод болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-17 14:42:02

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 15-18–ны өдрүүдэд нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

ОХУ-тай 470, БНХАУ-тай 1200 км нутгаар хиллэдэг, өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан тал хээрийн бүс нутагтай Дорнод аймгийн хувьд  ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр бүхий аймаг.

Оны эхний 9 сарын байдлаар 43 удаагийн ой, хээрийн түймэр гарсны 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нь тогтоогдож, 109,3 мянган га ой, 4,8 мянган га хээрийн талбай шатжээ.  Түүнчлэн хүн амын өсөлт, хотжилт, барилга байгууламж, зам харилцаа хөгжихийн хирээр автозам, техникийн холбогдолтой осол, усны осол, хүчтэй салхи шуурга, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолдож байгаа нь гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургуулилтыг шат дараалан тогтмол зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох шаардлагатай байгаа талаар сургуулийг зохион байгуулагчид онцолж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед удирдах бүрэлдэхүүний зөв, оновчтой шийдвэр, харилцан хамтын ажиллагаа,  хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн нөөц, хүн хүчний бололцоогоор авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшгийн нөхцөл үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тус сургуульд аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, сумдын засаг дарга нар нийт 100  гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Дадлага сургуулийн үеэр өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, гамшгийн үед тухайн аймаг, орон нутаг т тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд