Германы оршин суугчдын дийлэнх нь “Умардын урсгал-2” төслийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-22 10:57:09

МОСКВА. /Neue Presse/. “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөл  нь улс оронд аюул учруулахгүй гэж Германы оршин суугчдын 67 хувь нь үзэж байна. Энэ тухай “Neue Presse” сонин “Forsa” хүрээлэнгээс явуулсан нийгмийн санал асуулгын дүнг иш татан мэдээлжээ.


Санал асуулгад оролцогчдын 13 хувь нь төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа бол 73 хувь нь “Умардын урсгал -2” төслийг шударга шийдвэр гэж үзэж байна.


Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид Оросын хий дамжуулах хоолойноос татгалзахыг уриалж байгаа нь америкчуудын шингэрүүлсэн байгалийн хийгээ Европт борлуулах сонирхолтой байгаатай нь холбоотой юм гэж санал асуулгад оролцогчдын 90 хувь нь үзэж байгаа аж. 


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл бөгөөд жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай.


Энэ төслийг АНУ, Украин хийгээд Европын хэд хэдэн улс эсэргүүцэж байгаа юм. 

Холбоотой мэдээ