Түр зогсолтыг дуусгавар болгох саналаас нь татгалзсанд Д.Трамп дургүйцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-21 10:29:20

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолтыг дуусгавар болгох саналаас нь татгалзсанд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын төлөөлөгчдөд дургүйцлээ илэрхийлсэн байна.


Д.Трампын хэлснээр, түүнийг төлөвлөгөөгөө танилцуулахаас өмнө Төлөөлөгчдийн танхимын дарга саналыг нь няцаасан ажээ. Уг төлөвлөгөөнд Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтийн талаар зөвшилцөхийг санал болгосон байжээ. Харин Ардчилсан намынхан уг саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” зүйл хэмээн мэдэгдсэн байна.


“Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Ардчилсан намын төлөөлөгчид миний саналыг танилцуулаагүй байхад няцаалаа. Тэд гэмт хэрэг, мансууруулах бодисын талаар бус ялж чадахгүй 2020 оны сонгуулийнхаа талаар л бодож байна” гэж Д.Трамп “Твиттер” хуудсандаа жиргэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчид Мексикийн хилийн дагуу хана барих асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас эхэлсэн Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт түүхэнд хамгийн удаан буюу нэг сар орчим үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ