Ш.Нямсүрэн: Улаанбуудайн үрээ бүрэн шинэчилсний үр дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-21 13:17:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сумын “Төлүүжин” ХХК урвуулагч хэмээх гахай жилийн босгон дээр “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгараад байна. Тус компанийн захирал Шаарийбуугийн Нямсүрэнтэй уулзаж ярилцлаа.

            - Улирч байгаа нохой жилд танай хамт олон өндөр ургац хураажээ. Энэ талаар тодруулбал?

- Манай компани 1998 онд Бүрэгхангай суманд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлж байна. 2018 он өндөр ургацтай жил байлаа. Хавар 350 га талбайд улаан буудай, 200 га талбайд тосны таримал, 10 га малын тэжээл тариалж, намар улаан буудай га-гаас 18,5, малын тэжээл 20, тосны таримал 7,5 центнерийг хурааж авлаа.

- Өндөр ургац хураахад нөлөөлсөн гол хүчин зүйлийг юу гэж үзэж байна вэ?

- Өнгөрсөн жилийн байгаль цаг агаар хур бороотой сайхан байлаа. Хангай дэлхийн буян хишиг газар эрхийн шимийг хүртэхэд нөлөөлсөн. Нөгөө талаар өндөр ургац авахад нөлөөлсөн нөхцөл бол сүүлийн үед газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх туршлагатай болж, уриншийг чанар сайтай хийдэг болсонтой холбоотой.

- Тариаланчид хаврын нэг өдөр, намрын долоо хоногтой тэнцэнэ гэж ярихыг сонссон. Тариа тарина гэдэг цаг нартай уралдана гэсэн үг үү?

- Тийм. Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологит хугацааг мөрдөж байж ургац авна. Манай компани тариалалт, ургац хураалтын техникийн шинэчлэлийг сайн хийлээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд техникийн шинэчлэлийг сайн хийж үр тарианы комбайн, өндөр хүчин чадлын трактор, сүүлийн үеийн үрлэгч, хор шүршигч, хөрс боловсруулагч зэрэг машин авч ашиглаж байна. Үүнийг ашигласны үр дүнд тариалалтын ажлыг технологийн дагуу хугацаанд нь чанар сайтай хийдэг боллоо. Мөн ургац хураалтыг богино хугацаанд гүйцэтгэж байна.

- “Үрээ идэхээр үхрээ ид” гэдэг үгийг бодохоор тариаланчдад үр их чухал юм шиг байна. Танайхан үрийн шинэчлэл хийж байна уу?

- Үрийнхээ асуудал дээр анхаарч нутгийнхаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон богино болцтой сортын үр авч үржүүлж байгаа. Үүнээс шалтгаалаад ургацын болц эртсэж,  өндөр ургац авч байна.

Үрийн шинэчлэлээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд сайн хийж, Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран сүүлийн үед бий болсон “Дархан-131”, “Дархан-160”, “Дархан-144” зэрэг сортуудыг авч тариалаад байна. Энэ ажлын үрээр манай сумын байгаль цаг уурын нөхцөлд таарсан өндөр арвин ургацтай ийм үртэй болж авсан.

Борлуулалтын хувьд “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангийн салбарт өглөө. Алтан тариа, эрдэнэтийн “Эрдэнэт фүүдс” компанид өглөө. Борлуултын хувьд сайн байлаа.

- Үрээ хэрхэн нөөцөлж байна вэ?

- 2016 онд Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс нэг тонн “Дархан-131” сортын элит үр аваад 2017 онд 9 тонн, 2018 онд 50 гаруй тонн болгож үржүүлж авсан. Энэ жил “Дархан-160” сортын үр үржүүлэхээр хүрээлэнгээс аваад бэлдчихсэн. Ирэх хавар тариалж үржүүлэх бодолтой байна.

Үрийн шинэчлэл хийнэ гэдэг асуудал бол үнэхээрийн газар тариалан эрхлэхийн гол үндэс.  Үрээ зөв сонгоод өөрсдийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон үрээ аваад тарьчихад ургац хүртэл сайн байдаг. Будааных нь чанар хүртэл сайн байдаг. Манайх бол үрийнхээ асуудлыг бүрэн шийдсэн гэж ойлгож болно.

Ирэх хавар тарихаар “Дархан-160” сортын үр нэг тонн, “Дархан-131” сортын үр 50 тонныг нөөцөлчихөөд байна.

            - Та гуч гаруй жил газар тариаланд ажилласан агрономич. Хөрсний чанар хэр өөрчдөгдөж байгаа бол?

- 1984 онд сургууль төгсөөд Булган аймагт ирж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 35 жил газар тариалангийн үйлдвэрлэлд агрономичоор ажиллаж байна. Намайг анх ирж байх үед хөрсний бүтэц сайн байсан. Гэхдээ тэр үед бид нар хөрстэйгээ сайн харьцаж чаддаггүй байсан. Уриншаа сайн хийдэггүй байж. Бас хаврын тариалалтыг хугацаанд нь сайн хийж чаддаггүй байсан байна. Одоо хаана ч газар тариалангийн технологийг сайн мөрддөг болсон байна. Техникийн хүчин чадал сайн болсонтой холбоотой байх.

Хөрсний чанарын хувьд айхтар өөрчлөгдсөн зүйл байхгүй. Одоо газар тариалан эрхлэгчид газартайгаа харьцангуй зөв харьцдаг болжээ.

Харин салхи ихтэй, элсэрхэг хөрстэй газарт хөрсний элэгдэл ажиглагддаг. Манай суманд хөрсний элэгдэл харьцангуй гайгүй.

Холбоотой мэдээ