“Жимс жимсгэнэ” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-19 15:02:44

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ орон нутагтаа “Жимс жимсгэнэ” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  баталлаа.

Тус аймагт дөрвөн аж ахуй нэгж, арваад иргэн нийлээд жилдээ хоёр орчим га-д жимсний тариалалт хийж 1.5 тонн жимс хураан авч байгаа нь аймгийн хүн амын нийт хэрэгцээний 0.17 хувийг хангаж байгаа юм.

Нийт тариалсан жимсний суулгацын бойжилт 40 хувьтай буюу хангалтгүй байгаа нь энэ чиглэлийн тарилалтын туршлага муу, суулгацын зардал, усны зардал, хамгаалалтын зардал шийдвэрлэж чадахгүй байгаагаас үүдэлтэй аж.

Дэд хөтөлбөрийг Засгийн газрын 2016-20120 он мөрин хөтөлбөрийн жимс жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулах, улмаар хүн амын амин дэм бүхий жимс жимсгэнээр хангах гэсэн зорилтыг  үндэслэж хэрэгжүүлэх аж.

Дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр орон нутагт жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганы жимст цэцэрлэгийн хэмжээг 4,1 га талбайд, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 0.2 га талбайд хүргэж, таримлын бойжилтыг 60-аас доошгүй хувьд хүргэх, хүн амын нийт хэрэгцээний 0.3-аас доошгүй хувийг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Мөн орон нутгийн жимс жимсгэний цэцэрлэгүүдийг бий болгох,  ажиллах боловсон хүчнийг  бэлтгэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхээр зорилт тавьсан байна.

Хөтөлбөрийг компани аж ахуй нэгж, хувиараа тариалан эрхлэгч иргэдтэй хамтран хэрэгжүүлэх бол санхүүжилтийг иргэд, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хөрөнгө, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гадаад, дотоодын зээл тусламж, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгө, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ