БНСУ-ын автомашины экспорт 22.6 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-18 19:20:34
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын автомашины экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.6 хувиар өссөн талаар тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас гаргасан тайланд дурджээ. Энэ нь автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын автомашинууд гаргасантай холбоотой аж.

 

Тайланд дурдсанаар, өнгөрсөн сард тус улсын автомашин үйлдвэрлэгчид 3.78 тэрбум ам.долларын үнэ бүхий 219,313 автомашин гадаадын зах зээлд нийлүүлжээ.

 

Гэвч 2018 онд БНСУ нийт 2.44 сая автомашин экспортолсон нь 2017 оны нийт экспортоос 3.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Ойрхи Дорнод болон Төв, Өмнөд Америкт эрэлт буурсантай холбоотойгоор БНСУ-ын автомашины экспорт буурахад ийнхүү нөлөөлжээ. Ингэснээр тус улсын автомашины экспорт гурван жил дараалан буурсан үзүүлэлт болж байна.

 

Гэсэн хэдий ч ОХУ, Европ болон Африкийн орнуудад эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор тус бүс нутгуудад автомашины эрэлт нэмэгдсэн тухай тус тайланд дурджээ.

 

Өнгөрсөн сард БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч компаниуд нэг сарын хугацаанд 356,940 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь 24.2 хувийн өсөлтийг үзүүлээд байна. Эдгээр автомашинуудын дийлэнх нь дунд оврын жийп эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ