Эрүүл мэндийн сайд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-18 17:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриаг дэвшүүлэн даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн шалтгаанаар учрах санхүүгийн дарамтыг бууруулах,  өвчний эрт илрүүлэг шинжилгээнд иргэдийг өргөнөөр хамруулахад онцгойлон анхаарч ажилласан. Харин энэ онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллах юм.

Тус зорилтын хүрээнд  эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалаар олгох тусламж үйлчилгээг өргөтгөх, жирэмсний хяналтыг сайжруулах, элэгний Д вирусын эрт илрүүлэг үзлэг, оношилгоог зохион байгуулах, 2-12 настай хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, хүн амын нас баралтын шалтгаанд тэргүүлж буй зүрх судасны өвчнийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.

Мөн гэрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллах зэргийг тусгажээ.

 

Холбоотой мэдээ