Монгол Улс 21 нэр төрлийн вакцин, 23 оношилгооны төхөөрөмж үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 16:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 21 төрлийн вакцин, 23 төрлийн оношилгооны төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” мэдээлэлдээ дурдлаа.

Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын ДНБ үйлдвэрлэлийн 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлдэг байна. Тус салбар 2017 онд 426.1 мянган тонн мах, 30.6 мянган тонн хонины ноос, 1.9 мянган тонн тэмээний ноос, 10.2 мянган тонн ноолуур, 96.7 сая ширхэг өндөг, 177.4 тонн зөгийн бал буюу 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Түүнчлэн малын гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2017 онд 517.9 сая ам.долларт хүрсэн нь экспортын орлогын 8.4 хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт юм. Одоогоор тус салбарт Монгол Улсын ажиллах хүчний 30 хувь ажиллаж байгаа юм. Харин 2018 онд Монгол Улсад 66 сая мал тоолсон гэдгийг Шадар сайд хэллээ.

Тэрбээр, “Малын тоо өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа ч нөгөө талдаа байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Мал аж ахуйн салбарт малын тооны өсөлтөөс гадна малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч байна. 1992 оноос өмнө мал тооллогын 66 жилийн дүнгээс харахад мал сүрэгт дунджаар бод мал 21.7 хувь, бог мал 78.3 хувийг эзэлдэг байсан бол өнөөгийн байдлаар бод мал 13.2 хувь, бог мал 86.8 хувийг эзэлж байна. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн онд 54.9 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргажээ. Цаашдаа Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган бэхжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэхийг зорьж байна. Засгийн газар “Малын эрүүл мэнд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 21 нэр төрлийн вакцин, 23 төрлийн оношилгооны төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өнгөрсөн оны эхний зургаан сард 13 аймаг, нийслэлийн 45 сум, дүүрэгт шүлхий өвчин гарсан ч бүрэн дарсан. Энэ жилийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх, 40 хувьд бэлчээрийн хүрэлцээ муу байх төлөвтэй байна. Иймд малын өвөлжилт, хаваржилттай холбогдсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 21 аймагт 900 сая төгрөгийн хөрөнгө хуваарилсан” гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн улсын хэмжээнд мах нөөцлөх, боловсруулах хэдэн үйлдвэр байгааг тодруулав. Мөн тэрбээр Монгол Улс 66 сая малтай хэдий ч мах үнэтэй байгааг шүүмжилсэн юм.

Улсын хэмжээнд 52 махны үйлдвэр байгааг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд дурдлаа. Түүнчлэн Засгийн газраас махны үнийн өсөлтийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогоор судалгааны ажил үргэлжилж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн юм.

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ