ХҮН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ шинээр сонгогдсон даргыг бүртгэх Улсын дээд шүүхийн хуралдаан энэ сарын 18-нд товложээ.
Улсын дээд шүүхэд тус намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүртгэх талаар хүсэлт ирж, улмаар энэ сарын 4-нд хуралдаан товлоод байсан юм. Гэвч дараа нь ХҮН-ын зарим гишүүд Төв хорооны хуралдаан хийж, Б.Найдалааг намын даргаараа сонгосныг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өөр нэг хүсэлт өгсөн. Нэг намын даргаар хоёр өөр хүн бүртгүүлэх хүсэлт явуулсан учир Улсын дээд шүүх хуралдаанаа хойшлуулах болсон.
Харин Дээд шүүх энэ сарын 18-нд дахин хуралдаан товлож, дээрх хоёр хүнийг байлцуулан, хоёр хүсэлтийг хэлэлцэх болсон байна. Тус хуралдаанаар хэн нэгнийг нь даргаар сонгосон үйл ажиллагаа нь хууль бус байсан гэж үзэх, эсвэл намын асуудлаа дотооддоо шийдэх үүрэг өгөх гэсэн хоёр шийдвэрийн алийг гаргах нь тодорхойгүй юм.
Н.Туяа