УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг энэ сарын 25-нд өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 12:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан болон Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийв.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хууль энэ сарын 25-наас хэрэгжиж эхлэх юм. Хэрэгжиж эхэлсэн даруйд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барина хэмээн Х.Нямбаатар гишүүн хэллээ.

Тэрбээр, “УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг чуулган нэн яаралтай дэгээр хэлэлцэх ёстой. Үүний дараа УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг намрын чуулган хаахаас өмнө шийдэх хэрэгтэй. Учир нь намрын чуулган хаасны дараа ээлжит бус чуулган зарлах цаг үеийн асуудал үүсэх магадлалтай” гэв.

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа хууль бусаар олгосон ашигт малтал олборлох тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, газрын баялгийг ард түмний өмчид шилжүүлэх, төрийн албыг хариуцлагажуулах тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ гэдгийг Т.Аюурсайхан гишүүн дурдсан юм.

Холбоотой мэдээ