ЖДҮ-ийнхэнд зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-17 17:33:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн бус нэг хэлбэр нь бизнесийн зөвлөх үйлчилгээ бөгөөд үүнийг санхүү, менежмент, маркетинг, хөрөнгө оруулалт гэсэн бүх чиглэлээр өргөжүүлэх нь чухал байгааг ЖДҮ-ийн зөвлөх уулзалтад оролцогчид онцолж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болсон юм.

Уулзалтаар, манай улсын ЖДҮ-ийн салбарт сүүлийн 5 жилд гарсан өөрчлөлтийг хэлэлцэж дараагийн 5 жилд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн. Энэ талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Зөвлөх үйлчилгээг ямар хэлбэрээр, яаж үзүүлж байна вэ?

-Тухайн ААН, компани дээр шинжилгээ судалгаа хийж, сургалт явуулах хэлбэрээр үзүүлж байна. Төсөл, хөтөлбөрийн шугамаар ч хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буй Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” болон  Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн шугамаар зөвлөгөө авч болж байна. Сүүлийн жилүүдэд бизнесийн зөвлөгөө өгөх компаниуд олон болж байгаа. Жишээ нь, мөн өнөөдрийн манай уулзалтыг зохион байгуулж буй “МИРИМ консалтант” ХХК гэхэд зах зээл, бизнесийн хөгжлийн судалгааг хийж, зөвлөх үйлчилгээг сургалт, дата менежмент, брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэсэн 5 чиглэлээр зөвлөж байна.

-УИХ-д өргөн бариад буй ЖДҮ-ийн тухай шинэчилсэн найруулгын төсөлд орж буй гол өөрчлөлтүүд юу байгаа вэ?

-ЖДҮ эрхлэгчдийг дотор нь бичил, жижиг, дунд гэж бизнес эрхлэгчдийн ангиллыг тодорхой болгож өгч байгаа. Одоо үйлчилж буй хуульд "бичил" гэсэн ангилал байхгүй. Тиймээс хуулийн шинэчлэлд “...Бичил бизнес эрхлэгч ААН-ийг дэмжинэ” гэж оруулсан. Иргэн хүний хувьд одоо Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр нэг өөрчлөлт нь бүсчилж болон экспортын баримжаатай хөгжүүлэхээр тусгаж байгаа. Мөн татварын өөрчлөлтийг суулгаж өгсөн. Тухайлбал, шинээр бизнес эрхлэж буй бол санхүүгийн тайлангаа жилд нэг удаа өгч болно гэх мэтээр. Мөн ЖДҮ эрхлэгчдийг гаалийн татвараас 5 хувиар хөнгөлж байсан хугацаа өнгөрсөн оны 12-р сард дууссаныг үргэлжлүүлэн сунгах саналыг ХХААХҮЯ-наас Засгийн газарт оруулаад байна.


Өнөөгийн байдлаар, бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 78 мянган ААН байгаагаас 77 хувь буюу 60 мянга гаруй нь ЖДҮ эрхлэлд хамаарч байна. ЖДҮ нийт экспортын 2.3 хувийг эзэлж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн 78 хувийг эзэлж буй ЖДҮ эрхлэгчдийг дэмжихийн тулд хамгийн эхлээд хууль эрхзүйн орчинг таатай болгох хэрэгтэй юм. Тиймээс бидний эхний гол зорилго хуулиа шинэчилж батлуулах, үүний дараа ЖДҮ-ийн хөтөлбөрийг мөн УИХ-аар оруулах юм.

-Өнөөдөр ЖДҮДС-гаас зээл олгож байгаа юу?

-Үгүй. Зээл олголтыг зогсоогоод байгаа гэв.

 

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ