800 гаруй хүүхэд гараа зөв угааж сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-15 22:33:18

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Цэвэр гар, цэвэр ариун цэврийн өрөө-эрүүл амьдралын жор” нэртэй аяныг 21 хоногийн турш зохион байгуулжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд  ус ариун цэврийн байгууламжийн төслийн дагуу хүүхэд бүрт гар угаах аргыг хэвшүүлж, байгууллага бүр цэвэр ариун цэврийн өрөөтэй байх, ариун цэврийн өрөөний стандартын талаар хүүхэд, багш, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, аяныг өрнүүлжээ. Аянд ерөнхий боловсролын 14 сургууль, долоон цэцэрлэг оролцож сургууль цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний стандартыг мөрдөх, хүүхэд бүрт гар угаах заавар зааварчилгааг биечлэн зааж ариун цэврийн өрөөнд зөв боловсон бие засах гэхчлэн уриалгыг хүүхдүүдэд заажээ. Аяныг амжилттай зохион байгуулж сургуулиудаас тэргүүн байрыг Улиастай сумын Математик байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэвшил сургууль, дэд байрыг Улиастай сумын бүрэн дунд гуравдугаар сургууль, гуравдугаар байрт Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургууль тус тус эзэлжээ. Харин цэцэрлэгүүдээс тэргүүн байрыг Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэг, дэд байрыг Улиастай сумын есдүгээр цэцэрлэг, гуравдугаар байрыг Завханмандал сумын цэцэрлэг тус тус эзэлж 380-500 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнуулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Энэхүү аяныг зохион явуулснаар сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гар угаах зөв дадалтай болохоос гадна ариун цэврийн өрөөг зөв зохистой хэрэглэх дадалтай болсон. Аянд давхардсан тоогоор 800 гаруй хүүхэд идэвхтэй оролцож зөв дадалтай боллоо. Гараа зөв угааж сурах нь хүүхдүүдийн эрүүл байх хамгийн том хүчин зүйл. Сургууль цэцэрлэг, нийтийн ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглах, эрүүл гарыг эрхэмлэх дадлыг 800 орчим хүүхдүүд хэвшүүлнэ гэдэг аяны маань гол зорилго, амжилт юм. Цаашид улирлын чанартай аяныг ахлах ангийн сурагчдад өөр хэлбэрээр зохион байгуулна хэмээн хөтөлбөрийн зүгээс мэдээлэв.

Холбоотой мэдээ