НАСА-гийн тэргүүн Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-15 14:00:51

МОСКВА. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ тэргүүн Жим Брайденстайн ОХУ-д айлчилна. Энэ тухай Оросын төрийн мэдлийн Роскосмос компанийн цахим хуудсанд мэдээлжээ.


Роскосмос компанийн ерөнхий захирал Дмитрий Рогозин НАСА-гийн тэргүүнтэй утсаар ярих үеэрээ түүнийг ОХУ-д эсвэл Байконурт айлчлахыг урьсан байна. Брайденстайн ажлын айлчлал хийхэд бэлэн гэдгээ нотолсон боловч чухам хэдийд айлчлах нь тодорхойгүй байгаа аж.


НАСА болон Роскосмосын удирдлагууд мөн сансрыг эзэмших салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал, Олон улсын сансрын станцын Сарыг судлах болон сансар судалгааны бусад төслийг үргэлжлүүлэхээр болсон байна.


Брайденстайн ойрын хугацаанд Орост айлчлахгүй гэж НАСА-гийн төлөөлөгч энэ сарын 11-нд мэдээлжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 5-нд Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозиныг АНУ-д урих төлөвлөгөөгөө цуцалсан байна. Түүний хэлснээр, энэ нь Америкийн Сенатын хэд хэдэн гишүүн дургүйцсэнтэй холбоотой аж.


Рогозины АНУ-д хийх айлчлалыг цуцалсан нь Сарыг судлах олон улсын Gateway станц байгуулах төсөлд оролцох тухай НАСА-тай байгуулсан гэрээнээс гарахад хүргэж болзошгүй байна.


Холбоотой мэдээ