Шонхорууд амжилтын хүснэгтийн тэргүүн эгнээнд дэвшлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-15 12:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийг тэргүүлэгчид болох Ховд Шонхорууд, Архангай Алтан Дорнодын Дайчид багууд хоорондоо тоглолоо.


Эхний тойрогт учраа таарахад Шонхорууд хожигдсон бол энэ удаад тоглолтын эхнээс оноогоор илүү тоглож байлаа. Улмаар үндсэн цаг дуусахад Ховд Шонхорууд 120:100-гаар хожлоо. Улмаар Шонхорууд хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Архангай аймаг хоёр тоглолт дараалан хожигдож хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Энэ тоглолтод Шонхоруудын холын зайн шидэлтүүд тун найдвартай байсан төдийгүй хурдан довтолгоог сайн хийсэн юм.


Тоглолтын шилдгээр 37 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолт үзүүлсэн Э.Дөлгөөн шалгарлаа.  Харин сайн тоглогчоор 26 оноо, 11 самбараас бөмбөг авсан Ц. Отгонжаргал нэрлэгдлээ.


MNBA үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёр тоглолт болсноос Сүхбаатар альянс-тех болон Баянхонгор Мазаалай багууд учраа таарч тоглолоо. Тоглолтын шийдвэрлэх үеийн дунд хэсэгт Баянхонгор Мазаалай баг 16 оноогоор тэргүүлж байв. Харин энэ мөчөөс С.Эрдэнэдалай сайн тоглолтоо гаргаж эхэлсэн юм.


Улмаар Сүхбаатар аймгийн тоглолт сэргэж оноог ойртуулсаар тоглолтын цаг дуусахад Сүхбаатар аймаг хожлоо. Тэд дөрөв хожиж дөрөв хожигдсон амжилттай хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин Мазаалай багийн хувьд тааруухан улирал үргэлжилсээр долоон тоглолтод нэг ч ялалт авч чадсангүй. Энэ тоглолтын шилдгээр 21 оноо, 16 самбар авсан С.Эрдэнэдалай нэрлэгдлээ.


Холбоотой мэдээ