Богдын дархан тэмээн сүргийн тамга Өндөршил суманд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-12 16:18:36

Богд хааны дархан тэмээн сүрэг нэгэн ижил тамгатай байсан бөгөөд өдгөө Өндөршил сумын музейд энэ тамга хадгалагддаг байна.  “Үржил” хэмээн уйгуржин монгол бичгээр бичиж, ширмээр цутгаж хийсэн төө хол илүү өндөртэй, 1 кг жинтэй ширмэн тамгаар Богд хааны түмэн тэмээг тамгалдаг байжээ.

18- р зууны тэргүүн хагаст Манж нар Зүүн гар Ойрдтой байлдахдаа Халх олноос албан татварын журмаар цэргийн хэрэгцээнд хуримтлуулсан малаас тэмээг нь бэлтгэл сүрэг болгож зүүн, баруун хэсэгт хуваан зүүнийг нь Түшээт хан аймгийн говь нутагт эгэл ардуудаар маллуулсан гэдэг. Түүнд одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг багтаж байжээ.

Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд тэмээчид нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байсан гэнэ. Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсаны дараа энэхүү тэмээн сүрэг Богд хааны төмөр тэмээн сүрэг болсон  ажээ.

Энэ нутагт Далайн хурал гэж байсан түүхтэй. Далайн хурал алсаараа томгүй, дархан тэмээн сүргийг даган нүүж явдаг хоёр модон дугантай, хэдэн гэртэй, хорь гаруй ламтай, тэмээнийхээ нутгийн гол төвд байрладаг байжээ.Тэрхүү Далайн дуганы туурийн хормойн тус газраас Т. Лувсандорж хэмээх хүн 1960- аад оны сүүлч үед “Үржил” тамгыг олсон бөгөөд өдгөө хэр нь Өндөршил суманд хадгалагдаж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ