Энэ сарын дунд үеэс хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-15 10:17:59

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 2019 оны 01 дүгээр сарын 14-21-ний өдрүүдэд агаарын температур их нууруудын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байгаа ба хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна. 

Мөн энэ сарын 17-ны өдөр Алтайн салбар уулсаар ялимгүй цас, 18, 19-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи энэ сарын 17,18,19-ний өдөр  зарим газраар  6-11 м/с хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи 3-8м/с байна.

Нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар аймгийн нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-3 см, Алтайн салбар уулсаар арай зузаан 5-8 см орчим цасан бүрхүүлтэй байна. Он гарснаас хойш ихэнх нутгаар 1-2 удаа бага зэргийн ялимгүй цас орсноор цасны дундаж зузаан Чандмань, Дарви сумдын нутгаар 3 см, Жаргалант, Зэрэг, Манхан, Булган, Алтай сумдын нутгаар 2 см, Эрдэнэбүрэн, Ховд,  Дуут, Үенч сумдад 1 см зузаан 10 баллын цастай, Мөнххайрхан сумдад 0 см 5-9 баллын, Цэцэг, Мөст сумдад 0 см 1-4 баллын цасан бүрхүүл тогтжээ.

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 11 ний өдрийн байдлаар Ховд аймгийн Буянт голын мөсний зузаан 65см, Долооннуурын голын мөсний зузаан 50см, Дундцэнхэр голын мөсний зузаан 55см, Булган голын мөсний зузаан 55см, Ховд голын мөсний зузаан 54см, Хар ус нуурын мөсний зузаан , Чоно Харайх голын мөсний зузаан 45см, Төгрөг голын мөсний зузаан 46 см тус тус хүрч, голууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Гол, нуурын мөсний зузаан өмнөх оны энэ үетэй харьцуулахад Булган гол Булган сум орчимд мөсний зузаан өмнөх оноос 14 см-ээр их, Дундцэнхэр гол Мөнххайрхан сум орчим мөсний зузаан өмнөх оноосоо 15 см-ээр их, Долооннуурын гол Мөнххайрхан сум  мөсний зузаан өмнөх оноосоо өөрчлөлтгүй,  Хар ус нуур Дөргөн сум орчим мөсний зузаан өмнөх оноос см-ээр их, Буянт гол Жаргалант сум орчимд мөсний зузаан өмнөх оноос 24 см ээр бага, Ховд гол Мянгад сум орчимд мөсний зузаан өмнөх оноосоо 3 см ээр их, Чоно Харайх гол Дөргөн сум орчим мөсний зузаан өмнөх оноосоо 10 см ээр их, Төгрөг гол Манхан сум орчимд мөсний зузаан өмнөх оноосоо 14 см ээр их  байгаа аж. Гэхдээ Буянт, Булган, Чоно Харайх, Төгрөг гол болон Хар Ус нуурын мөсний зузаан олон жилийн дунджид хүрээгүй мөсөн халиа гүйж байгаа тул зам товчлох зорилгоор голын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулав.

                                                                                             Н.Лхагва


Холбоотой мэдээ