Насанд хүрэгчдийн даамын УАШТ-ий хагас шигшээ тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-14 13:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ сарын 11-13-нд "Роял" олон улсын дээд сургуулийн байранд боллоо.


Энэ тэмцээнд 15 аймаг, 6 дүүрэг, 18 клуб, сургууль, байгууллагын эрэгтэй 153, эмэгтэй 62 даамчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд "Дебют" клубийн тамирчин, спортын мастер П.Эрхэмбилэг 15 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар тус бүр 14 оноогоор удаалав.


Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд "Алтан хүү" клубийн даамчин ДДХМ Э.Хүслэн 16 оноогоор манлайлж, спортын мастер Б.Мишээл (84-р сургууль), ОУИМ М.Нямжаргал ("Говь-Хангай" мебель) нар тус бүр 13 оноогоор удааллаа. Тус тэмцээнээс Б.Түвшин (Дорноговь), А.Дашчирэв (Хан-Уул дүүрэг), Б.Есүй (Монгени), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) нар спортын мастер цолны болзол хангасан байна.


Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 9 байр эзэлсэн тамирчид ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулах улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрх авсан юм.   

Холбоотой мэдээ