Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих зарлиг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-03-12 12:44:17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд гаргасан Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлигийг Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд гардуулах ёслол өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм.

Шинжлэх ухааны байгууллагуудыг төлөөлж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлж  Монголын сэтгүүлчдийн нэгдэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар уг зарлигийг гардан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлигт:

1. “Монгол хэлний их тайлбар толь"-ийг иргэний оролцоо, мэдээллийн технологийн ололтод түшиглэн бүтээж, төгөлдөржүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Хэл зохиолын хүрээлэнд даалгасугай.

2. Шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургуулийн багш, мэргэжлийн судлаачид “Монголын эх түүх” цувралыг үргэлжлүүлж, монгол нутагт хүн үүссэн үеэс өнөөг хүртэлх үеийг хамарсан, түүхийн суурь судалгааны цогц бүтээл туурвих ажлыг дэмжиж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Түүх, археологийн хүрээлэнд даалгасугай.

3. Монгол үндэстний сонгодог өвийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний их наадам, улсын үзлэг, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

4. Монгол үндэстний оюун санааны ижилсэл, тусгаар тогтнолын дархлаа, эв нэгдлийг бататган бэхжүүлж, ард түмнийг соён гэгээрүүлж, монгол хэл соёл, Монголын түүхийг судлах, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухааны болон хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай гэжээ.

Холбоотой мэдээ