“Аса” циркт болох халз тулаанд Казахстан, Тувагийн 5 тулаанч хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төрөлжсөн “SPS HD” телевиз, “Монголын холимог тулааны урлагийн холбоо” хамтран “Mongol fighting championship” олон улсын тэмцээнийг “АСА” циркт 2019 оны нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт зохион байгуулна.
Энэхүү тулааны тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс болон Казахстанаас нийт 5 тулаанч ирж, холимог тулааны төрлөөр манай улсын тамирчидтай хүч, ур чадвараа сорих юм. Цахим ертөнцөд “Ангууч” нэрээр танигдсан фото модель, тулаанч Б.Баттөр Казахстаны байлдааны самбо бөхийн хошой аварга Хабдулла Аллитай хийх тулаан олны анхаарлыг татаж байна. Хоёр тамирчин ердөө ганцхан насны зөрүүтэй бөгөөд 66 кг-д хүч үзэх юм.
“Ангууч”-тай өрсөлдөх Хабдулла Али өөрийн цахим хуудсандаа ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагамедовын алдарт малгайг өмсөж, тулаанд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Б.Баттөрийн хувьд 2017 онд “VTV” телевизийн “Мастер тулаанч” реалити шоугаар анх тулааны чадвараа олонд харуулсан. Тэрбээр холимог тулааны төрлөөр нийт зургаан тулаан хийж, дөрөвт нь өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор ялсан юм. Харин Хабдулла Алигийн хувьд, холимог тулааны төрлөөр 2 ялалт байгуулжээ.
Энэ тулаанаас гадна “АСА” циркт нийт 10 халз тулаан болно.