“Шар хантаазатнууд”-ыг дэмжигчдийн тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-10 12:34:18

ПАРИС. /РИА Новости/. “Шар хантаазатнууд”-ын хөдөлгөөнийг дэмжиж буй францчуудын тоо буурч, 60 хувьд хүрсэн тухай “Elabe” санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 8-9-нд явуулсан уг санал асуулгад 18-с дээш насны 1003 хүн оролцсон байна.


“Шар хантаазатнууд”-ын хөдөлгөөн эхэлснээс хойш 8 долоо хоногийн дараа анх удаа тус хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо буурчээ.


Санал асуулгад оролцогчдын 31 хувь нь “шар хантаазатнууд”-ын хөдөлгөөнийг сайшаагаагүй бол 15 хувь нь сөрөг хандлагатай, 16 хувь нь тус хөдөлгөөнд дайсагнасан хандлагатай байжээ. Мөн 9 хувь нь “шар хантаазатнууд”-ыг өөрт нь хамаагүй гэж үзэж байгаа аж.


Үүний зэрэгцээ “шар хантаазатнууд”-ын ажиллагааг үргэлжлэх ёстой гэж францчуудын 51 хувь нь үзэж байгаа бол өндөрлөх ёстой гэж 49 хувь нь үзжээ. Түүнчлэн бүх нийтийн хэлэлцүүлгүүдэд оролцох бодолтой байна гэж Францын оршин суугчдын 41 хувь  нь мэдэгдсэн бол 40 хувь нь хэлэлцүүлэгт оролцох бодолгүй байна.


Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазатнууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  

Холбоотой мэдээ