Аймгийн МХГ-ын лаборатори шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-09 21:08:21

Увс /МОНЦАМЭ/. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид 30 сая төгрөгийн үнэ бүхий, 8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Шавж, хог ургамлын үрийг өсгөж таних, илрүүлэх, сахарозын хэмжээ, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох боломжтой энэхүү төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд, хор судлалын шинжилгээг илүү нарийвчилсан түвшинд хийж аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тоон үзүүлэлтээр хэмжих, тодорхойлох боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Орон нутгийн хувьд хүнсний бүтээгдэхүүн холоос тээвэрлэгдэж ирдэг, тээвэрлэлтийн явцаас бүтээгдэхүүний чанар алдагдах тохиолдлууд олон байдаг. Тиймээс хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хийх хяналт шинжилгээнд чухал ач холбогдол өгч, техник технологийн хувьд шинэчлэгдэж байх шаардлагатай байдаг аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид 2019 оны аймгийн төсвөөс 40 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр тусгасан байна.

 

Холбоотой мэдээ